• 12 сарын 25, Лхагва гараг
2018 ОНД БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙТ УСТ ЦЭГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛ НАРИЙВЧЛАН ХИЙГДЛЭЭ
271 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хуралдаан хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Бөөнцагаан - Орог нур сав газрын захиргааны 2018 оны үйл ажиллагааны тайланг хурлын эхэнд авч хэлэлцлээ. 
2018 оны үндсэн чиглэлд Баянхонгор аймгийн хэмжээн дэх уст цэгийн нарийвчилсан тооллого, судалгаа шинжилгээг 25 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэхээр тусгагдсаны дагуу тус ажлыг Бөөнцагаан - Орог нуур сав газрын захиргаанаас энэ онд хийж гүйцэтгэжээ.

 Усны тоо бүртгэлийг  2018 оны 5 сарын 11- 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хээрийн болон суурин судалгааны ажлыг нийт 76 хоног хийж материалыг нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, тэдгээрийг зурагт буулгах үр дүнг боловсруулах зэрэг ажлуудыг хийсэн байна. Тооллогын дүнгээр Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 258 гол, 89 нуур, тойром, 2 бүлэг нуур, 1175 булаг шанд, 28 рашаан, 3653 худаг, 104 усны барилга байгууламж, 759 ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, иргэн тоологджээ.
Мөн  Байдраг гол болон түүний цутгал голуудын хамгаалалтын бүсийн цэг тогтоох ажлыг 2018 оны 10 дугаар сарын 16-аас 10 дугаар сарын 31-ны хооронд Байдрагийн гол болон цутгал голуудын эрэг дагуу нийт 276 цэг авч зураглал хийсэн байна. 


Монгол орны хэмжээнд гол нууруудын эрэг орчмын ус намгархаг газар, татамын байгалийн хилийг зурагласан ажлын тайлан”-тай харьцуулан 100.000 масштабтай дэвсгэр зураг, сансрын зураг болон 30 мм ийн нарийвчлалтай өндрийн зураг ашиглан хамгаалалтын бүсүүдийн зураглалыг гаргажээ. Үүний үр дүнд Голын хамгаалалтын бүсүүдийн зураглал хийгдэж, улмаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авснаар усны нөөцийг хомстож, бохирдлоос хамгаалах боломж бүрдэх юм.

Тус тайланг холбогдох газраас танилцуулахад хурлын тэргүүлэгчид болон, зөвлөлийн гишүүд ихэд сайшааж байлаа.

Учир нь Баянхонгор аймаг тухайлж сум бүрээр нь уст цэгийнхээ цэг, кординатыг тодорхойлж, зураг болон байршлыг үзүүлэлттэйгээр нь нарийвчилсан тоогоор тогтоож албан ёсоор бүртгэлжүүлж авч чадсан юм. Хэдийгээр 2015 онд тус бүртгэл тооллогын ажил явагдаж байсан ч төдийчлөн тодорхой болоогүй байсан гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.

Хурлын үеэр тус сав газрын захиргааныхан сум бүрт өөрсдийнх нь хамааралтай уст цэгийн албан ёсны бүртгэлийг хүргэх бол тун удахгүй тус нарийвчилсан тооллогын бүртгэлийг улсын кадастрын газрын бүртгэлд шинэчлэн оруулахаар зэхээд байгаа аж.

Энэ нарийвчилсан тоо бүртгэлийн судалгаан дээр үндэслэн аймаг, сум орон нутаг гол горхи, нуур цөөрмийнхөө эрсдэлийг тооцож хариуцаж хамгаалах ажил арга хэмжээг авах бол цаашдаа Баянхонгор аймгийн усны талаар бодлогын үйл ажиллагаа явуулахад баримтлах гол тулгуур суурь нь энэ бүртгэл мэдээлэл болох юм.

Гагцхүү тус бүртгэлээ улсын кадарстрын газарт шинэчлэн бүртгэлжүүлэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар байршил кординатыг буруу ташаа оруулахгүй байх тал дээр нарийн анхаарч ажиллахыг өргөтгөсөн хуралдаанд оролцогсодын зүгээс сав газрын захиргааныханд үүрэг болгож байв.

Усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ус ашигладаг ААН-ийн хоорондын харилцан ойлголцолгүй байдлыг зөвлөлийн гишүүд шүүмжлээд ойрын ирээдүйд усны талаар тухайлчилсан бодлого боловсруулан түүнийгээ баримталж хамтарч ажиллахыг сануулав.

Баянхонгор аймгийн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 90 хувийг ус рашаан, ашигласны төлбөрийн орлого бүрдүүлдэг. Энэ онд Ус ашигласны төлбөрт ААН-ээс 218,5 сая төгрөг орж ирсэн нь өмнөх оныхоос даруй 1 хувиар багассан байна. Их бага Шаргалжуут рашаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг зэрэг зарим ААН-ийн ус рашаан ашигласны төлбөр хангалтгүй түвшинд төлөгдөж байгааг гишүүд шүүмжилж ААН-ийн рашаан усны хэрэглээг зөв тогтоож усны алдагдлыг бууруулах, усны хэмжээг оновчтой тогтоох, төлбөрийн төлөлтөд хяналт тавих, холбогдох шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан он гаргаад ажилдаа орхоор тогтов.

2018-12-18 02:26:40