• 12 сарын 26, Пүрэв гараг
БАГШ НАРЫГ СУРГАЛТЫН БУС АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРИАЛАХ, ШАХАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЛАА
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн багш нарын Бага хурал өнөөдөр/2019,08,28/ хүүхдийн Тэмүжин театрт эхэллээ. Бага хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, БСУГ-ын удирдлага, мэргэжилтэн, төвийн болон сумдын сургуулийн захирал, багш нар оролцож байна.

Тэд энэ удаагийн бага хурлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд дүгнэлт хийж, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, үйл ажиллагаагаа тодорхой болгох юм. Баянхонгор аймаг нь ЭЕШ-ын дүнгээр улсад доогуур байр эзэлсэн боловч аймгийн нийт сурагчдаас авдаг төвшин тогтоох шалгалтын дүнгээр улсын дунджаас дээгүүр үнэлэгджээ.

Бага хурлын эхэнд аймгийн Засаг дарга багш нарт хандан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “ЕБС-д үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байсан багш нар өөр аймаг, хот руу шилжих явдал их байна. Сайн багш нэг өдөр бий болчихдоггүй, тухайн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байж амжилт гаргадаг. Тиймээс сургуулийн захирлууд сайн багшаа авч үлдэх, улмаар өөр аймаг, хотоос сайн багшийг өөрийн сургуульдаа ажиллуулахад анхаарах ёстой. Сургуулиудын анги дүүргэлт харилцан адилгүй байна. Яагаад гээд сургуульд нь хандахаар эцэг эхчүүд багшаа сонгосон гэдэг тайлбарыг өгч байна. Тиймээс багш нарын ялгаа, заагийг арилгаж, анги дүүргэлтийг тэнцүүлэх шаардлагатай” гэдгийг санууллаа.

Аймгийн ИТХ-аар Сайн багш хөтөлбөрийг баталсан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “Залуу багш нарын аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр залуу багш нар ажлын байран дээрээ өсч хөгжих, багшийн хөгжлийг дэмжсэн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн багш нарыг сургалтын бус ажил, арга хэмжээнд оролцохыг уриалах, шахахгүй байхыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт тодорхой санууллаа. Өөрөөр хэлбэл багш сургалтын бус ажилд ажилд нийт ажлын цагийн 70 хувийг зарцуулж байна гэсэн судалгааны дүнг эсрэгээр нь болгож сургалт, хүмүүжлийн үндсэн ажилдаа төвлөрөх шаардлагыг тавьж байна.

Мөн аймгийн Засаг дарга багш нарыг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хоёр ажлыг бага хуралд оролцсон багш нарт дуулгалаа.

Нэгдүгээрт, “Боловсрол” санг аймгийн хэмжээнд үүсгэн байгуулах тухай. Уг санд хөрөнгө төвлөрүүлж боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүд байгаа аж. Тиймээс ирэх сарын дундуур ААН, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг байлцуулан дугуй ширээний уулзалтыг хийж энэхүү сангийн үйл ажиллагаа, бодлогын талаар ярилцахаар боллоо. Тус сан нь багш нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ,мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, хөгжих хөшүүрэг болох юм.

Хоёрдугаарт, багш нарын ажилласан жилийг үл харгалзан, тэдний амжилт, ажлын үр дүнг харгалзан үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломжийг бий болгох, шаардлагатай хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 7 сургуулийн барилга шинээр баригдаж байна. Мөн хэд хэдэн сургуулийн их засварын ажил хийгдэж дуусаад байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж, гүйцэтгэл, цаг хугацаандаа дуусгахад хяналт, шаардлага тавьж ажиллах ёстойг аймгийн Засаг дарга санууллаа.

Багш нарын бага хурал бүтэн өдөр үргэлжилнэ.

2019-08-28 02:46:17