• 12 сарын 26, Пүрэв гараг
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Баянхонгорт ажиллав
140 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ээлжит улсын үзлэгтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. 

Ийнхүү ажиллах үеэрээ БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн аймгийн удирдлагуудтай уулзаж Баянхонгор аймагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав.  

Тухайлбал 2-7-9-р багийн дунд тавигдаж буй замын ажлын үерийн далан нь нийт 2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тус замын ажилд 2018, 2019 онуудад нийт 900 сая төгрөг улсын төсвөөс тавигдсанаас энэ оны хувьд ажил зогсонги байдалтай, ард иргэдийн ажил амьдралд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.

Мөн 2013 оноос ажил нь эхэлсэн 960 хүүхдийн сургууль буюу тавдугаар арван жилийн барилгын ажил нь үндсэндээ 6 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Ажил гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-аад орон нутгийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлдэг ч төсөв хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар  жил бүр төсөв нэмж батлуулсаар 7 гаруй тэрбум төгрөгийг авчээ. Гэсэн хэдий ч ид дулааны улиралд нь ажил нь явдаггүй зогсонги байдалтай байсаар өнөөдрийг хүрч байна.

Эдгээр нөхцөл байдлыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн газар дээр нь судлаж танилцаад ажлуудыг яаравчлуулах тал дээр анхаарч шаардлага хүлээж авахгүй зарим гүйцэтгэгч ААН-ийг яамны  хар жагсаалтад оруулах буюу ажлыг шилжүүлэх хүртэл шийдвэр гаргана гэлээ.

Орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд харьяа яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд тодорхой анхаарч ажиллахаа тэрээр илэрхийлсэн бол ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг Баянхонгор аймаг дахин төлөвлөлтөд оруулах тал дээр дэвшил гарган бусад аймгуудад жишиг болон ажиллаж байгааг сайшааж байлаа.

 

2019-09-05 11:09:58