• 12 сарын 25, Лхагва гараг
АНХ УДАА НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
132 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хурлаар Нийтийн сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг гаргасан юм. Уг тогтоолын дагуу өнөөдөр/2019.09.20/ тус аймагт анх удаа Баянхонгор сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн сэдвээр нийтийн сонсголыг зохион байгууллаа.

Энэ удаагийн нийтийн сонсголыг аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөртэй хамтран явууллаа. Нийтийн сонсголыг аймгийн ИТХ-ын Ц.Отгонбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат нар удирдан явуулав. Нийтийн сонсголд Баянхонгор сумын иргэд оролцов.

Нийтийн сонсголын хүрээнд Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөжсоёл 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэдэд танилцууллаа. Баянхонгор суманд 32 мянган хүн ажиллаж, амьдарч байна. Гэвч сумын статустай учраас бусад хүн ам цөөн сумдын адил төсөвтэй. Төрийн албаны орон тоо цөөн.   2018 онд Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 293 сая төгрөгийг хуваарилсан байна. Үүгээр 12 төрлийн ажил, арга хэмжээг санхүүжүүлж ажиллажээ.

Иргэд нийтийн сонсгол зохион байгуулж байгааг дэмжиж, өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг хэлж байна.

Харин ажиглагчдын хувьд төрийн байгууллагын хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл хүртээмжгүй, иргэд хэзээ, юу хийгдсэн талаар ойлголтгүй байгааг хэлж байна. Тиймээс төр иргэдэд тогтмол мэдээллийг өгөх, эргээд тэдний байр суурь, саналыг авч, тайлагнах шаардлага байгааг онцоллоо.

Нийтийн сонсгол нь иргэдийг төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгохын зэрэгцээ, шийдвэр гаргагчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хуулийн томоохон шийдэл юм.

 

 

2019-09-20 05:05:45