• 12 сарын 26, Пүрэв гараг
АВТО ТЭЭВРИЙН ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгаар дамжин баруун чиглэлрүү жилдээ 200,000 гаруй зорчигч зорчдог статистик мэдээлэл бий. Зөвхөн өөрийн аймаг гэлтгүй эдгээр зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн авто тээврийн төв шинээр үүд хаалгаа нээлээ.

Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй тус авто тээврийн төвийг Л.Итгэлт захиралтай “Номгон оюу авто бирж” ХХК 5 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн бол гаднах зам талбай гэрэлтүүлэг, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм байна.

Авто тээврийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц нар оролцож хүндэтгэлийн тууз хайчиллаа.

Тус төв нь автобуудал, баруун бүсийн авто оношлогоо, дулаан граж, зорчигч тээврийн үйлчилгээг нэг доор цогцлоосноороо давуу талтай. Үндсэндээ баруун аймгуудын нийтийн болон том оврын тээврийн хэрэгслүүд энэхүү төвөөр авто оношлогоогоо хийлгэх, унаа тэргээ дулаан гражид тавих, жолооч өөрөө амрах зэргээр стандарт нөхцлүүдийг бүрдүүлсэн байх юм.

Нийтдээ зорчигчдын тасалгаа, үйлчилгээ зэргээр 15 өрөө тасалгаатай тус төвөөр дамжуулан зөвхөн Баянхонгор гэлтгүй баруун аймгийн иргэд хөдөлмөрчид ая тухтай зорчих боломж ийнхүү бүрдлээ.

Зорчигч бүрийн нөхцөл аятай тухтай байж, жолооч бүрийн алтан шар зам өлзийтэй байг ээ.

2019-10-01 04:37:30