• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хонгор сайхан нутагтаа ажиллаж, амьдрач байгаа эрхэм хүндэт ард иргэдээ, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист төрсөн нутгаараа овоглон суугаа, хилийн дээс алхан эрдмийн охийг хураан байгаа, хөдөлмөр зүтгэл гаргаж яваа элэг нэгт ахан дүүсдээ ирж буй шинэ оны мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 

Амжилт, бүтээлээр оргилсон нэгэн он улирч, амжуулж хийснээ үнэлэх, алдаа оноогоо дүгнэх торгон мөчид тулж ирээд байна. Улиран одож буй 2019 он хонгорчууд та бидний хувьд  урьд өмнө хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, амжилт, бүтээлээр дүүрэн сайхан жил байлаа. Саяхан хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 90,88 хувтай хэрэгжүүлсэн хэмээн үнэлүүлж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэ бүх амжилт бол иргэн та бүхний хийсэн сонголт, итгэл үзүүлсний үр шим.

 

              Та бид аймгийн хөгжлийн бодлого алсын хараагаа зөв тодорхойлсон, ард иргэдийн бидэнд хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж ажилласан шүү гэдгийг онцлон тэмдэглэе. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн эртний онч үг бий. Бид хурдацтай хөгжиж, Баянхонгор аймаг бүс нутагтаа жишиг болохын  тулд хатуу болон зөөлөн дэд бүтцийг төлөвлөгөөтэй, оновчтой байгуулах ёстой. Тийм ч учраас бид алсын хараа, эрхэм зорилгынхоо нэгэн чухал хэсэг болсон  орон нутгийн түвшинд урьд байгаагүй томоохон хөрөнгө оруулалтуудыг 2019 онд орон нутагтаа хийж чадлаа.

 

Аймгийн хэмжээнд

              42 тэрбум 236,9 сая төгрөгийн төсөв бүхий    13 Сургууль   

6 тэрбум 880 сая төгрөгийн төсөв бүхий           4 Дотуур байр 

1 тэрбум 480 сая төгрөгийн төсөв бүхий           2 Спорт заал  

12 тэрбум 530 сая төгрөгийн төсөв бүхий       11 Цэцэрлэг   

18 тэрбум 493 сая төгрөгийн төсөв бүхий       12 Соёлын төв

17 тэрбум 796 сая төгрөгийн төсөв бүхий       13 Эрүүл мэндийн төв барилга өргөтгөл

7 тэрбум 280 сая төгрөгийн төсөв бүхий              3 Гүүр

4 тэрбум 299 сая төгрөгийн төсөв бүхий               4 Нутгийн удирдлагын ордон

1 тэрбум 948 сая төгрөгийн төсөв бүхий             14 Багийн төв

21 тэрбум 165 сая төгрөгийн төсөв бүхий томоохон бүтээн байгуулалтууд

1 тэрбум 427,9 сая төгрөгийн төсөв бүхий эрчим хүчний салбарын өргөтгөл, шинэчлэл зэрэг нийтдээ 135 тэрбум 685,1 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг   Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв Очир, Улсын Их Хурлын гишүүн Магваны Билэг, Орон нутгийн удирдлагууд та бүхний хичээл зүтгэл дэмжлэгтэйгээр хийж чадлаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Баярлалаа, Хамтдаа” арга хэмжээний үеэр аймгийн нийт иргэддээ танилцуулсныг санаж байгаа биз ээ.

 

Иргэд та бүхний хүчин чармайлт, идэвх оролцоотойгоор хийсэн ажил, бий болгосон бүтээн байгуулалт бүхэн эргээд Баянхонгор аймагт амьдарч буй иргэн нэг бүрийн сайн сайхны төлөөх ажил, арга хэмжээ билээ. Нэг ажил нь нөгөө ажлынхаа амжилттай хэрэгжих, алс хэтдээ үр шимээ өгөх үндэс байхаар тооцож боловсруулсан бодлого, бодлогод туссан бүхэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц, хамгийн гол нь хэмжигдэхүйц үр дүнтэй болсонд туйлын баяртай бйна.

2019 онд нийгмийн салбарт дэвшүүлсэн гол зорилго бол ард иргэдээ ажилтай орлоготой болгох замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах явдал байлаа.

2019 онд 10 сумын 18-45 насны 100 өрхийг  100-120 малаар буюу 11000 мянган толгой малаар малжуулж өрхийн орлогыг нэмэгдүүлэн байнгын ажлын байраар хангасан. Олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтаар 3 сумын 86 өрхийг 2080 толгой малаар, сумдууд өөрсдийн нөөц боломжоор 227 өрхийг 6979 малаар  тус тус малжуулж аймгийн хэмжээд 327 өрхийг 18779 малаар малжуулсан дүн гарч байна.

Орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр 30 өрхөд тус  бүр 0,4 га газрыг олгон  хашаа, гүн өрмийн худаг,  усжуулалтын систем, цахилгаан эрчим хүч, 5 төрлийн суулгацаар //чацаргана, үхрийн нүд, алим, чавга, хөх далан хальс/ ханган байнгын арчилгааг хийлгэж мэргэжлийн агрономчийн удирдлаган дор төслийг хэрэгжүүлж байна. 

Тодорхой эрхэлсэн ажилгүй 4 болон түүнээс дээш ам бүлтэй залуу гэр бүлүүдийн өрхийн 1 гишүүнийг төрийн болон төрийн өмчит, ОНӨҮГазарт  байнгын ажлын байранд зуучилах зорилтын хүрээнд 2870 өрхийн судалгааг гарган  87 иргэнийг зуучилж байнгын ажлын байраар хангалаа.  

Нийгмийн 3 талт зөвшлийн 2018-2019 оны хэлэлцээрийг хийж  аймгийн хэмжээнд 2794 ажлын байранд 2591 иргэнийг  ажлын байранд зуучилны 76 хувь буюу 1086 байнгын (Уул уурхайн компаниудад), 24 хувь буюу 344 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа. Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд 528 иргэнийг байнгын, 467 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

      Холбогдох төсөл хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд иргэд аж ахуй нэгж, олон улсын байгуулллагуудын хандив, тусламжаар зорилтот өрхийн орон гэр зайлшгүй хэрэгцээтэй байгаа 250 гаруй айл өрхийг өргөө цагаан гэртэй болгох ажлыг зохион байгууллаа.

      Улс орон, аймаг орон нутаг хөгжихийн үндэс нь хүний хөгжлийн асуудал байдаг. Тийм учраас бидний бодлогын амин сүнс нь хүнээ хөгжүүлэх замаар улс орондооо тэргүүлэгч болох юм. Хөгжилд та биднийг хөтөлсөн боловсролын салбарт ч чамгүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, саараа сайжруулж, дутуугаа нөхсөн жил болсныг онцлон хэлмээр байна.

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулж, боловсролын чанарын үзүүлэлтийг тэргүүлэх аймгуудын хэмжээнд хүргэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд ”Робокон-Баянхонгор”,  “Хос бичигтэн”, “Англи хэлтэй-Баянхонгор”, Насан туршийн боловсролын төвийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах, иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах зорилтуудын хүрээнд 6 ажил арга хэмжээг төлөвлөн 90,0 хувьтай хэрэгжүүлээд байна.

“Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, СӨБ-ын  болон  ЕБС-ийн багш нарын мэргэжлийн түвшин, суралцагчдын мэдлэг, чадварын түвшинг  дээшлүүлэх Боловсролын чанарын үнэлгээг улсын дунджаас бууруулахгүй, улсын шалгалтын дунджаас 10 хувиар ахиулж,  ЭЕШ-ийн оноогоор эхний 10 байрт орох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эдүгээ боловсролын чанарын үнэлгээгээр улсын хэмжээнд Номун далай сургууль, Соого сейко сургууль, Баацагаан, Жинст, Шинэжинст, Бөмбөгөр сумын сургуулиуд улсын дунджаас дээгүүр /улсын дундаж 37,1, аймгийн дундаж 37,8/ шалгагдаж улсын хэмжээнд аймаг 4-р байрт, Номун далай лаборитори сургууль 2019 оны Монгол Улсын Топ 20 сургуулийн нэгээр тус тус шалгарсан сайн мэдээтэй байна.

 “Залуу багш нарын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж 30 сургууль, 36 цэцэрлэг, политехник коллежийн  342 залуу багшийг оролцуулж, залуу багш нарыг урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор шилдгийн шилдэг 12 багшийг тус бүр 1 сая төгрөг, шилдэг 13 багшийг тус бүр 500.000 төгрөгөөр  шагнаж урамшууллаа.

Бид эрдэмтэн багш нар, тэднийхээ ур чадварт эргэлзэхгүй байна. Тун удахгүй манай аймаг улсын дундажаас дээгүүр үнэлгээтэй, боловсролын чанарт ахиц гаргасан аймаг болох нь эргэлзээгүй.

              Бид ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгууллаа.

              Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ёс зүй, хариуцлага, харилцааг  сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бий болгох цогц арга хэмжээ, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр, “Элэг бүтэн-Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөр зэрэг томоохон ажлыг амжтлттай хэрэгжүүлээ. Тухайлбал, “Элэг бүтэн-Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд үзлэг оношлогоонд зорилтод бүлгийн 42,200 иргэн хамруулж, В вирусын 2521, С вирусын 3822 тохиолдлыг илрүүлж С вирусын 52.3 хувийг, В вирусын 15.8 хувийг тус тус эмчилгээнд хамруулж чадсан байна.

      Эрүүл мэндийн салбарын нэг гол үзүүлэлт болох Аймгийн хэмжээний нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 2016 оны эхний 11 сард 24.7 промилл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн  түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 30.7 промилл байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 13.5 промилл болж 11.2 пунктээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг  1000 хүүхдэд 18.2 промилл болж 12.5 пунктээр тус тус бууруулсан амжилтаар та бид шинэ оноо утгаж байна.

              Аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа нэг томоохон ажил бол “Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах” ажил гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. “Баянхонгор сумын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “НҮБ”-ын Хүүхдийн сангийн 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтай “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол нөлөөлөх нь” төслийн хүрээнд 200 өрхийг гэрийн бүрэн дулаалга, цахилгаан халаагуураар, орон нутгийн  төсвийн 95 сая төгрөгөөр 60 өрхийг гэрийн бүрэн дулаалга, цахилгаан халаагуураар хангах ажлыг хийж айл өрхийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүллээ. Баянхонгор сумд НҮБ-ын хүүхдийн сангийн тусламжтайгаар агаарын бохирдолыг хэмжих төхөөрөмжүүдийг тодорхой цэгүүдэд суурилуулан хэмжилтийн үр дүнг тодорхой болгох, гэр хорооллын янданг цөөлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар 250,0 сая төгрөгний санхүүжилт бүхий  Баянхонгор сумын 4, 5 дугаар багт инженерийн шугам сүлжээ байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

 

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр сумдын Засаг дарга нарын захирамжаар төвлөрсөн газруудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж Баянхонгор сумын 4.5-р багт “Эко 00” төслийг хэрэгжүүлж ажиллаа.

 

              Энэ онд соёл, спорт аялал жуулчлалын салбарын хүрээнд хийгдсэн нэг томоохон ажил бол Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, Монголын маарамбын оройн чимэг, Хамба номун хан, ханчин чойжил Эрдэнэбандид хутагт, ууган зурхайч, Монголын бурхны шашны 3 зулын нэг Ламын гэгээн  Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Баторшил өргөх хүндэтгэл, даншиг наадмыг зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлэх ажил байлаа.  Энэхүү ойн хүрээнд Баянцагаан, Баянбулаг, Эрдэнэцогт, Жаргалант, Бууцагаан, Жинст, Шинэжинст сумуудын соёлын өдрүүдийг зохион байгуулж, сум сурталчилах, урлаг соёлын тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг төрөлх нутаг орноороо бахархах, төрсөн нутаг оронтойгоо эргэх холбоотой байх үзлийг ард иргэдэдээ суулгах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Эрхэм хүндэт ард иргэдээ,

 “ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГО”ын зорилтын хүрээнд нийтдээ 10 арга хэмжээ төлөвлөн 94 хувьтайгаар хэрэгжүүлж ажиллаа. 2016 оны байдлаар улсын төсвөөс татаас авдаг аймгуудын хэмжээнд санхүүгийн зөрчил дутагдлын хэмжээг 2,2 тэрбум байсныг 1,1 тэрбум болгон бууруулж санхүүгийн хамгийн бага зөрчилтэй аймгуудын тоонд орсон, төсвийн зарлагын суурийг нилээд хэмжээгээр нэмэгдүүлж манай аймаг 2016 онд 16 дугаарт байсан бол 2019 оны байдлаар орон нутгийн зарлагын хэмжээгээр улсад 5 дугаарт байна.

 

Улсын их хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр зах зээлд үнэгүйдсэн арьс, нэхийг боловсруулах үйлдвэр 12 суманд  байгуулагдаж нийт 24 ажлын байр бий болгосон бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 8 аж ахуй нэгж, 13 иргэнд 560,0 сая төгрөгийн санхүүжилт олгож тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 62 ажлын байр бий болгоод байна.

            Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг шалгаруулах комиссын хуралдааны  шийдвэрээр 2019 онд зээлийн эргэн төлөлтөөс аймгийн Засаг даргын 2019 оны А/370 тоот захирамжаар 15 иргэн ААН-д 160.0 сая төгрөгийн, 2019 оны А/568 тоот захирамжаар 5 иргэн, ААН-д 45.0 сая төгрөгийн зээл олгож үр дүнд нь 45 хүнийг байнгын ажлын байраар хангасан байна.

“Орон нутгийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 2019 оны ХХААЖДҮСайдын А/41 тушаалаар нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх олгосны дагуу аймгийн Засаг даргын А/230 тоот захирамжаар байгуулагдсан дэд хороо 2 удаа хуралдаж, батлагдсан санхүүжилтийг 34 иргэн, 15 аж ахуй нэгжийн нийт 49 төсөлд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг шуурхай шийдвэрлэж ажиллаа.  

              Дүн өвөл эхэлж буй энэ өдрүүдэд аймгийн эдийн засгийн чухал салбар болсон ХАА-даа ч бид анхаарлаа хандуулан ажилласаар байна.          Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг аймгийн Засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлснээр 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 83,5 хувьтай хангасан.

              Хэлэх үгтэй, хийсэн ажилтай нэгэн он ийнхүү улиран одож байна. 2019 онд хонгорчууд бид нэг алхам урагшилж, атгасан гар шиг амжилтыг хамтдаа бүтээж, зүтгэсэн бүхнээ ажил хэрэг болгож чадлаа. Эзэн хичээвэл заяа хичээдэг жамтай. Хүн бүр өөрөө өөртөө эзэн байсны, дор бүрнээ хүлээсэн үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэсний үр шим хөгжил болон бидэнд ирж байна.

              Ирж буй 2020 онд гаргасан амжилтаа бататгах, алдаагаа залруулах, ахиж дэвшихийн төлөө хүн бүр хичээцгээе. Шинэ он гарах тэр мөчөөс эхлэн эхлүүлсэн ажлаа дуусгах, дуусгасан ажлаа төгөлдөржүүлэх, шинээр бүтээн босгох, шуурхай ажиллаж хөдөлмөрлөхийг 2020 он бидэнд сануулж байна.

              Аймгийн Засаг дарга, айл гэрийн тэргүүний хувиар 2020 онд надад үүрүүлж буй тэрхүү хариуцлага, сануулж буй сануулгыг гүнээ ухамсарлаж, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, аймаг орон нутгийнхаа өнгө төрхийг улам бүр сайхан болгохын төлөө хичээнгүйлэн ажиллахаа үүгээр дамжуулан илэрхийлье.

              Биднийг шаргуу хөдөлмөр,  бүтээн байгуулалт, гэрэлт ирээдүй хүлээж байна. Ирж буй ондоо иргэн бүр аз жаргалтай байхын ерөөлийг өргөж, элэг нэгт ахан дүүс, хонгор нутгийн түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

              Өнөөдөр хийсэн зөв бүхний үр жимс маргааш цэцэглэж, хонгор нутагт хөгжил, хүн ардад маань жаргал болон ирэх нь эргэлзээгүй. .

              Хамтдаа эхлүүлсэн бүхнээ хамтдаа цааш нь хөгжүүлцгээе.

2019-12-31 05:26:57