• 12 сарын 27, Баасан гараг
Тусламж дэмжлэгийг хүргэх талаар сумдын удирдлагад цахимаар мэдээлэл өглөө
240 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(01.13) Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан манай аймгийн  эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт  хүнд сорилт тулгарч буй.  Нэг талаас коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, нөгөөтэйгүүр зуншлага муугаас үүдэж 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх хоёр гамшгийн эрсдэл тулгарч, даван туулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэгийг иргэд, малчдад хүргэсээр байгаа юм.  Сумдын удирдлагад тусламж, дэмжлэгийн талаарх нэгдсэн ойлголт мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон холбогдох албаныхан энэ сарын 13-ний өдөр цахим уулзалтаар хүргэлээ. 
 
Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтээс дараах мэдээллийг нэгтгэжээ. 
 
КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗОРИЛТОТ ӨРХӨД ХҮНС, ТҮЛШНИЙ ДЭМЖЛЭГ ОЛГОВ
 
Аймгийн хэмжээнд 20 сумын 6913 зорилтот өрхтэй. Засгийн газраас хэрэгжүүлж буй зорилтот өрхийн хөгжил хамгааллын хөтөлбөрт 810 зорилтот өрх хамрагддаг ба үүнээс хүнсний талонд хамрагддаггүй хоол хүнс, тэжээлийн дутагдалтай 5378 өрхөд тусламж дэмжлэг шаардлагатай байсныг үндэслэн аймгийн Ковид-19 цар тахлын үед аймгийн Онцгой комиссоос төрийн болон төрийн бус байгууллагуудын хандиваар 20 сумын 2596 зорилтот өрхөд 111,9 сая төгрөгийн хүнс тэжээл, түлшний дэмжлэг үзүүлсэн.
Хүнсний талонд хамрагддаггүй, хувиараа эрхэлдэг байсан аж ахуй, хөдөлмөр эрхлэлт нь зогссон, өрхийн орлого буурсан, өрх толгойлсон, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүнсний дэмжлэгт хамруулахаар сумдын ЗДТГ-аас ирүүлсэн судалгаанд үндэслэн хүнсний талонд хамрагддаг эсэхэд хяналт тавьж, хүнс тэжээлийн багц-/гурил-10кг, будаа-5кг, маск-20ш, боорцог-1кг, сүү-1ш, зөв аарцны ундаа-1ш, сахар-1кг, нүүрс-5 шуудай/-ийг сумдад хүлээлгэн өгч иргэдэд олголт хийсэн баримтыг сумдаас хүлээн авч Онцгой комиссд хүлээлгэн өгсөн. Ковид-19 цар тахлын үед аймгийн хэмжээний нийт зорилтот өрхийн 48 хувийг дэмжлэгт хамруулсан байна.
 
2. БАЯНХОНГОР АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНООС ЗОРИЛТОТ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
 
Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооноос 2020 онд Баянхонгор, Өлзийт, Жинст, Шинэжинст, Заг, Баянбулаг, Богд, Эрдэнэцогт, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Жаргалант, Гурванбулаг, Баянлиг, Баянговь зэрэг 16 сумын 390 малчин өрхөд 79,1 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн . 2021 онд эрсдэл өндөртэй 3 сумд дэмжлэг үзүүлэх байсан боловч жигд, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор бүх сумдад хуваарилалт хийж 19 сумын 240 өрхөд 88,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Баянлиг сумын ИТХ-ын дарга тусламж авахгүйгээ илэрхийлсэн.
 
3. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
 
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар тогтоолоор 480 тн үнэгүй өвс, 450 тн хөнгөлөлттэй /50 хувь/ тэжээл олгосоныг аймгийн Засаг даргын 2021 оны А/03 дугаар захирамжаар сумдад хуваарилсан. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн хуваарилалт хийсэн. /Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар захирамж/
4. АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ СУМДЫГ ӨВС, ТЭЖЭЭЛЭЭР ТАСРАЛТГҮЙ ХАНГАВ
 
Монгол Улсын Засгийн газрын 400,0 сая төгрөгийн дэмжлэг, аймгийн орон нутгийн төсвийн 150,0 сая төгрөгийн хөрөнгө нийт 550,0 сая төгрөгийн хөрөнгөөр аймгийн аюулгүйн нөөцөд 50,0 мянган боодол буюу 900 тн өвс, ногоон тэжээлийг бэлтгэсэн. Дээрх өвс, ногоон тэжээлийг сумдад байршуулан 12,0 мянган төгрөгөөр зарж борлуулсан. Эргэлтийн хөрөнгөөр дараагийн татан авалтыг зохион байгуулж иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан аймаг, сумдад байршуулах ажлыг зохион байгуулж байна. Өвс, ногоон тэжээлийн үнэ 12,000-14,200 төгрөгийн үнэтэй байна. 500 кг-аар боосон ногоон тэжээл 260,0 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
 
5. НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГААС ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧИН ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
 
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хонин толгойд шилжүүлснээр 300-аас доош толгой малтай 11 сумын 264 малчин өрхөд тэжээл, сувилалтын багц олгоно. Нэг өрхөд дунджаар 160 мянган төгрөгийн тэжээл, сувиллын багц нийт 44,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Малчин өрхөд тэжээлийн хүргэх ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зохион байгуулна.
 
6. ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ АЙМГУУДЫН МАЛЧИН ӨРХӨД ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ
 
Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс эрсдэл өндөртэй аймгуудын малчин өрхөд тэжээлийн дэмжлэг үзүүлнэ. Тэжээл олгох ажил судалгаа, боловсруулалтын шатанд явж байна. Тэжээлийн дэмжлэгийн эхний цуваа аймагт ирсэн.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалаар “Малчин өрхөд малын тэжээл олгох ажлыг зохион байгуулах түр журам”-ын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар “Малчин өрхөд малын тэжээл олгох ажлыг зохион байгуулах” аймгийн түр журмыг батлуулан шуурхай бүлэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Малчин өрхөд тусламжийн тэжээл хүргэх бэлтгэл ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ханган ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас өгсөн чиглэлийн дагуу 02-р сарын 01-ний өдрөөс малчдын гар дээр хүргэж эхлэх юм байна.
Дээрх тусламж дэмжлэгийг өрх, иргэнд давхардуулахгүйгээр олгох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах зөвлөмж өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-01-15 08:40:53