• 12 сарын 28, Бямба гараг
Б.Сайнзаяа: Супер эмэгтэй гэдэг бол яг үнэндээ эцэж туйлдсан эмэгтэйг хэлнэ
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяны хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд, шат шатны төлөөллүүд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч бий саад бэрхшээлийн талаар дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэ үеэр ажил олгогчдод зориулсан уриалга, Хөдөлмөрийн тухай хуульд ажил болон ар гэрийн тэнцвэрийг хангах, ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар тусгагдсан нь асуудлыг яриад өнгөрөх биш, үйлдлээрээ өөрчлөх цаг болсныг харуулж байна. Харин одоо эмэгтэйчүүд эргээд нийгэмд гарах сэтгэл зүйн бэлтгэлээ базааж цаг болсон. Хүмүүсийн зөрүүтэй хандлага, үүнээс үүдэн гарах гэр бүлийн харилцааны болон сэтгэл зүйн өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч зохицуулах боломжийн талаар “O-PSY” сэтгэл судлалын төвийн захирал Б.Сайнзаяатай ярилцлаа.

-Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй байж, хүүхэд төрүүлж өсгөх гол үүрэгтэй, үүнийгээ л хангалттай гүйцэтгэхэд болно гэсэн хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Үүнд хэрхэн хандах вэ?
-
Хэвшмэл ойлголт гэж улс орны түүхэн хөгжлийн явцад амьдралд нь тус нэмэр болж байсан, туршлагын үндсэнд бий болсон дадлыг хэлдэг. Үүнийг огт буруу гэж болохгүй, зарим талаараа зөв. Харин ямар үед бурууддаг вэ гэхээр өнөөх ойлголтууд маань хүний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахаа больж, өөрчлөгдөн хувьсахаа болихоороо буруудаг эхэлдэг. Эмэгтэй хүн ганц гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж, хүүхэд төрүүлж, өсгөх нь өнөөдрийн нийгэмд хангалтгүй болчихлоо шүү дээ. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй байхаас гадна эр хүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа тохиолдол зөндөө байгаа. Үүнийг дагаад “Чи өөрөө төрүүлэхгүй яасан юм”, “Миний төрүүлсэн хүүхэд учраас би өөрөө мэднэ” гэдэг ч юм уу хүүхэд төрүүлж, эзэгтэй болсныхоо төлөө гомдоллох, далайлгах гажуудсан үзэгдэл их ажиглагддаг.

-Энэ хэвшмэл ойлголт эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг бол?
-
Хүнтэй суулгүй удахаараа, хэвшмэл ойлголтоосоо болж хүүхэд төрүүлээд л эзэгтэйн дүрд орохоос эмээх, “Би ерөөсөө ээж байж чадахгүй” гэх, эсвэл нөхрөө халамжилж чадахгүй нь гэдэг утгаараа гэр бүлээсээ татгалзах, салах тохиолдол их байна.

Харин ямар үед бурууддаг вэ гэхээр өнөөх ойлголтууд маань хүний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахаа больж, өөрчлөгдөн хувьсахаа болихоороо буруудаг

Тэгэхээр орчин үеийн эмэгтэйгээс ийм зүйл хүсэх нь тийм зохимжтой биш болжээ. Эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа шаардлагатай бол гэрийн эзэгтэй ч болоод, зарим үед гэрийн эзэн ч болох шаардлага үүссэн. Хоёрдугаарт, хүүхэд өсгөх гэдэг бол эмэгтэй хүний дангаар гүйцэтгэх үүрэг ерөөсөө биш. Хань ижлүүд сэтгэл зүйн хувьд, үзэл бодол, байр суурь, хүмүүжил, хандлагын түвшинд тэгш байж харилцан оролцоо нь тэнцвэртэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд нэгэн цаг үедээ бодвол ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болжээ. Гэтэл гэр бүлийн зүгээс үүнийг нь ойлгож, хүлээж авдаггүй, эсвэл дэмждэггүй хэвээр байх шиг?
-
Эрэгтэй, эмэгтэй хүний онцлогийг харвал эмэгтэйчүүд цаг үеэ дагаад, нийгмийн хувьслын үйл явцтай зэрэгцээд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл нь хурдтай нэмэгдэж байгаа. Оюуны хувьд өөрийгөө хөгжүүлж, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь ч дээшилж байна.

Гэтэл нөгөө талаас дэргэд байгаа эр хүн нь зэрэгцэн хөгжиж чадахгүй байна. Тэгээд нөгөө ч нэг хуучинсаг үзэл бодолтой, сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх хүсэлгүй, зөвхөн урдах ажлаа хийх, амьдралаа авч явах гэх мэт эрэгтэйчүүдийн байр байдлын ерөнхий зураг нь бүдэг бадаг. Нөхөр байх тухай төдийлөн мэдлэггүй байсаар эхнэр эцэстээ “Чи намайг ойлгосонгүй” гэж ирдэг, тийм үү. Үүнийг талууд сэтгэл зүйн хувьд нэг чиг рүү харж тэмүүлэх хэмжээний чадамжгүй байна гэж харж болно.

-Ээж ажил хийснээр хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэх хандлага ч ажиглагдах юм?
-
Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол эцэг, эх хоёрын эрүүл харилцаа, тэнцүү оролцоо байдаг. Мөн сэтгэл зүйн эрүүл мэнд, боловсролын түвшин болон амьдралд хандах хандлага, хар ухаан ч гэж хэлдэг, тийм ээ. Харин асран хамгаалах эрх зүйн хувьд 0-2 настай хүүхдэд эх өөрөө дэргэд байх нь аюулгүй, бүрэн бүтэн, сэтгэл зүйн хувьд эрүүл байх орчин нөхцөл бүрддэг учраас энэ үед нь эхчүүдийг болж өгвөл ажил битгий хий гэж зөвлөнө.

Эмэгтэйчүүд цаг үеэ дагаад, нийгмийн хувьслын үйл явцтай зэрэгцээд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл нь хурдтай нэмэгдэж байгаа. Гэтэл нөгөө талаас дэргэд байгаа эр хүн нь зэрэгцэн хөгжиж чадахгүй байна.

Яагаад гэвэл энэ үед хүүхэд сэтгэл зүйн суурь чадамж, суурь чанар, мэдрэмж, өөрийн гэсэн орон зайг гол түлхүү ээжээрээ дамжуулан олж авч, хөгжүүлдэг л дээ. Яагаад гэвэл 9 сар нэгэн цул байсан учраас хүүхэд гурван нас хүртлээ ээжийгээ өөрийнхөө нэг хэсэг гэж хүлээж авдаг. Энэ цаг үед ээжийг орлох хэн ч байхгүй учраас үндэс суурийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд ажил эрхэлснээр ажил болон ар гэрийн тэнцвэрт байдал тодорхой хэмжээнд алдагддаг нь маргашгүй үнэн. Тэр даруйд “гэрийн муу эзэгтэй” гэж тодорхойлох хандлага бий. Үүнд хэрхэн хандах вэ?
-
Гэрийн эзэгтэйг “муу” харагдуулдаг зүйлсийн 50 хувийг аав буюу нөхөр хийдэг. Тэр эмэгтэй ял үүрсэн аятай хүүхэд өсгөж хүмүүжүүлэхгүй байх, тэр эрэгтэй ял үүрч байгаа мэт гэр орны ажил хийдэггүй байх хэрэгтэй. Эр, эм нийлж байж дундаас үр хүүхэд бий болдог, нэг байна уу, арав байна уу хамаагүй.

Босгож байгаа амьдрал ч хамтын уран бүтээл учраас бүх зүйлд тэнцүү оролцоотой байх нь их чухал. Гэр бүлийн хувьд санхүүгээ зохицуулах, гэр орны хөлсгүй хөдөлмөр, мөн гадуур хөөцөлдөх ажил, хувийн ажил гэсэн үндсэн дөрвөн ажил нь хоёр хүнд тэнцүү хуваарилагдах ёстой зүйл юм. Ээж гадуур ажил амжуулдаг, хөдөлмөр эрхэлдэг, хүнсээ цуглуулдаг байх. Ээж хүсвэл гэрээсээ онлайн дэлгүүр ажиллуулсан ч болно. Аа харин аав гэрээ цэвэрлэдэг, хүүхдээ асардаг байх. Энэ оролцоо тэнцүү байж байж энэ цаг үе, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангадаг зөв хандлага тогтоно.

-“Эмэгтэй хүн үс нь урт, ухаан нь богино” зэргээр ур чадварын хувьд өөрийгөө сорьж, удирдан манлайлах эрхийг нь хязгаарладаг. Тэр ч байтугай мэргэжил сонгоход нь хүртэл эмэгтэй хүн учраас биед амар ажил хий гэх мэтээр нөлөөлдөг. Үүнийг хэрхэн даван туулах вэ?
-
Эмэгтэй хүн хөдөлмөр эрхэлж, нийгмийн харилцаанд оролцох бүрэн чадамжтай. Харин ч гэртээ удаан суух нь тухайн хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Харилцаа хязгаарлагдмал орчинд байснаар сэтгэл зүйн дарамтад амархан өртөж, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүсдэг. Тиймээс эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор гэр бүлийн зүгээс хангах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний өөртөө сэтгэл засал хийж буй хэлбэр болж байдаг л даа.

Харилцаа хязгаарлагдмал орчинд байснаар сэтгэл зүйн дарамтад амархан өртөж, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүсдэг. Тиймээс эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор гэр бүлийн зүгээс хангах хэрэгтэй.

Магадгүй хүүхэд харах хүн үнэхээр байхгүй, боломжгүй бол сэтгэл зүйн дарамт, дайралтыг няцааж, сөргөөцөлдөхөөс илүүтэй эвээр ойлголцох, ярилцах, сэтгэл зүйн чадамжийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, эрүүл байлгах аргыг сүвэгчлэх хэрэгтэй. Бидний нийгэмд үнэлэгдэх үнэлэмжийг бид өөрсдөө тодорхойлно. Та биеэ яаж авч явна, би биеэ яаж авч явна энэ нийгэмд эмэгтэй хүнийг тэр хэмжээнд хүлээж авна.

Тэгэхээр бид хүндлэгдэхгүй байгаа бол, бидний эрх зөрчигдөөд байгаа юм бол, биднийг хүн гэж үзэхгүй байгаа бол нэг талаасаа гэр бүлийн буруу хүмүүжлээр, буруу үзэл хандлагаар, буруу зам туулаад яваан илрэл байж болно шүү дээ. Эрэгтэйчүүд ч ялгаагүй. Аав, ээж нар хүүхдүүдээ, хөвгүүдээ буруу хүмүүжүүлж, гэр дотор нь ч хүртэл ялгаж харилцдаг. Дээр нь эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн цензур нь өөрөө хоцрогдчихлоо, тийм ээ. Өөрчлөлттэй зэрэг алхаарай л гэж хэлмээр байна.

-Таны хэлснээр эр хүн, эмэгтэй хүн заавал ийм байх ёстой гэсэн чиг баримжаа, хэм хэмжүүр жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Гэтэл манайд энэ хандлагыг хүлээн зөвшөөрөх хүн төдий бага байгаагаас “бүхнийг амжуулагч супер эмэгтэй” байх гэсэн хүсэл эмэгтэйчүүдэд түгээмэл байна. Энэ хэм хэмжээнд нийцэж чадаагүйгээс өөрийгөө голох, сэтгэлээр унах хандлага бий. Тэгвэл “супер эмэгтэй” гэж бий юу, байх ёстой юу?
-
Маш зөв асуулт байна. Супер эмэгтэй гэдэг нь бүхнийг чадагч гэхээс илүү туйлдаж ядарсан “Би л хийхгүй бол болохгүй юм байна” гэсэн чиг баримжаатай, яалт ч үгүй хөдлөхгүй л бол амьдрал нь дордоод байгаа тэр эмэгтэйчүүдийг хэлдэг. Энэ эмэгтэйчүүдийн гол шинж чанар бусдад үргэлж бурууг тохдог.

Хүн дуртай зүйлээ амархан сурдаг шүү дээ, үүнээс нь эхэлж болно. Түүнээс биш эрэгтэй хүнээс зүүгдэж, сэтгэлээ үүрүүлж, зовоож, дарамтлах нь гаргалгаа биш.

“Миний ингэж зовж, ганцаараа зүтгэж байгаа нь энэ хүмүүсийн төлөө” гэх мэтээр дэргэд байгаа хүмүүсээ буруутгадаг. Чиний арчаагүй, чиний сул доройгоос л боллоо гэсэн хандлагатай, нөгөө талаас нийгэм, цаг үе, амьдралд ч хүртэл гомдоллож байдаг. Супер эмэгтэй гэдэг бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэж хэлж болно, бүхнийг чадагч эмэгтэй гэдэг зан үйлийн эмгэг сэтгэл судлалд бий. Энэ даамжирсаар гэр бүлийг үгүй хийх суурь болдог учраас засан сайжруулах шаардлагатай. Бид энэ чиглэлээр тодорхой ажлууд эхлүүлээд явж байгаа.

-Нөхрүүдэд ар гэрийн хөлсгүй хөдөлмөр, үүрэг хариуцлагыг тэнцүү үүрэх хүсэл бас бага байна л даа. Жендэрийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг миллениал үеийнхэн ч энэ талын оролцоо бага байна гэсэн судалгаа байна. Энэ юунаас болдог вэ?
-
Яг өнөөдрийн хэмжээнд харахад олон ажил амжуулаад “алаад өгсөн” юм шиг харагдах ч эргээд дэргэд байгаа хүнийхээ үүрэх ёстой хариуцлагыг сулруулж, хүсэл сонирхлыг нь боож байдаг л даа. Яагаад гэвэл хүн давруу чанартай, эр ч бай, эм ч бай. Эргээд ар гэрийн хөлсгүй хөдөлмөрийг нь үнэлэхээ болиод ирэхээр “намайг үнэлсэнгүй” гэж гомдоллож эхэлдэг. 

Нөгөөтээгүүр, нөхрүүдийнхээ хийсэн юм бүхнийг голж шилдгээс болж эрэгтэйчүүд яваандаа нүүрээ буруулах, юу ч хийсэн үнэлэгдэх биш гэж үл тоомсорлоход хүргэдэг. Гэрийн ажил хийж сураагүй хөвгүүд их байна л даа, ээж, аав нь тэнцүү оролцоотой байгаагүйгээс ийм “бүтээгдэхүүн” бий болсон гэж болно. Зөвхөн “Чи амьдрал авч явна, чи мундаг хүн болж гэсэн ар гэрээ тэжээнэ” гэсэн бүдэг бадаг зураг зурж өгөөд л явуулчихдаг. Эмэгтэй хүн ийм байдаг, ингэж хайрлана гэх мэт аав, ээжийн зөв хандлага, өнцөг тэдэнд маш дутмаг. Тэгсэн хэрнээ эмэгтэй хүүхдэд “Чи эх хүн, эхнэр болно” гэж ирээд маш олон зүйл зааж, захидаг.

-Тэгвэл энэ асуудлыг яаж ярилцаж, ойлголцож, эерэгээр шийдэх вэ?
-
Хэдий ар гэрийн хөлсгүй хөдөлмөр гэж нэрлэдэг ч хөлсгүй хөдөлмөр гэж огт байдаггүй. Хүний хийсэн үйл бүхэн эргээд хөлстэй, тодорхой үр дагавартай байдаг. Ар гэрийн хөлсгүй хөдөлмөрийг цэвэр ариун хайр, хүндлэлээр үнэлдэг. Тэр хайраар хайрлаж, хүйсээс үл хамааран нэгнээ хүндэлдэг хүмүүс үүрэг хариуцлагаа тэнцүү хуваарилаад аваад явахад бэлэн байдаг. Хүн дуртай зүйлээ амархан сурдаг шүү дээ, үүнээс нь эхэлж болно.

Түүнээс биш эрэгтэй хүнээс зүүгдэж, сэтгэлээ үүрүүлж, зовоож, дарамтлах нь гаргалгаа биш. Үүний оронд магадгүй мэргэжлийн хүнд хандах, зөвлөгөө авахыг санал болгох, өөрийн зүгээс ч гэсэн сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлж зөвөөр нөлөөлөх нь эерэг хандлагын эхлэл. Энэ дутагдсанаас болж хамтын амьдрал нь нэг л мэдэхэд тамын тогооны үлгэр шиг болж, нэг бол үг дуугүй хүлээн зөвшөөрч шийдвэр гаргалтаас бүрэн чөлөөлөгдөх, нэг бол хүчирхийлэлд өртөх гэх мэт дараа дараагийн асуудлууд үүсдэг. Иймд, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ эрүүл байлгаж, хамгаалж чадвал ойр дотнын хүмүүсээ ч хамгаалах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний хороо

2021-01-27 08:01:26