• 12 сарын 28, Бямба гараг
Т.Эрдэнэбат: "Зудтай өвлийн хатууг малын хорогдолгүй туулж байгаа малчид ч бий"
99 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын хэмжээнд зудын эрсдэлийн хамгийн хүнд нөхцөлд өвөлжиж байгаа тул тохиолдож буй хүндрэл бэрхшээлтэй газар дээр нь танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зорилгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  манай аймагт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 250 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Түүнчлэн Архангай, Завхан, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нутагт олон зуун малчин отроор өвөлжиж байгаа.  Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хуваарилсан өвс, тэжээл тараагдаад дуусчээ. 
 
Тэрээр хоёрдугаар сарын 04-ний өдөр Өлзийт суманд очив.  
 
Тус суманд 2016-2020 онд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэн эхэлсэн. Төсөл хараахан бүрэн дуусаагүй ч иргэд ам сайтай байна. Төсөлд хамрагдаж, хашааныхаа сууцыг дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбосон иргэн н.Хүрэлбаатар “Манайх жилд 1.0 сая орчим төгрөгийг нүүрс, аргал, түлээний модонд зарцуулдаг байсан бол одоо сард 40 орчим мянган төгрөг төлж байна. Дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор зардал бараг дөрөв дахин буурлаа. Хашаандаа хотынхноос дутахгүй тохилог орчинд амьдрах болсондоо баяртай байна” хэмээн ярьж байлаа.
 
Мал өвөлжилтийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар тус суманд 10560 мал хорогджээ. Дийлэнх нь үхэр, адуу. 320 үхэртэй байсан айл 80-тай үлдсэн тохиолдол ч байгаа аж. 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхний их хүйтрэлт малын хорогдлын гол шалтгаан болсон гэдгийг малчид хэлж байна.
Өлзийт сумынхан өнгөрсөн жил 278 мянган мал тоолуулж байсан бол энэ жил 248 мянга болжээ. Авсан төлийн тоог тооцож үзвэл 100 гаруй мянган малыг зах зээлд борлуулсан. Зудын хохирол, малын хорогдол малчдын мал маллах арга ухаанаас ихээхэн шалтгаалж байна. Зудтай өвлийн хатууг малын хорогдолгүй, өнтэй даван туулж байгаа малчид ч бий гэж сумын Засаг дарга Т.Эрдэнэбат ярилаа.
Тийм малчдын төлөөлөл нь аймгийн аварга, Бийрийн тавдугаар багийн малчин М.Амарсайхан, Н.Дамбаа нарынх юм. Тэд өвөлд эртнээс бэлтгэж, зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсны үрээр малын хорогдолгүй тавлаг сайхан өвөлжиж байна. Мал нь ч айхтар тураагүй, жилбэ сайтай байна.
 
Энэ жил 1000 гаруй мал тоолуулсан М.Амарсайхан “Байгаль, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац, малаас олох орлого ашгаа бодвол, малын тооноос илүү чанарт анхаарах нь чухал боллоо. Цаашид малынхаа үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг байдлыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгоно гэж ярьж байна.
Аймгийн аварга малчин Н.Дамбаа “Бод мал, ялангуяа адуу нилээд муудаж байна. Малаа хорогдолгүй онд оруулахын төлөө хичээж байна. Сүүлийн хэд хоногт овоо дулаарч байна. Ер нь урин цагийн хошуу эргэж эхэллээ. Хавартаа салхи шуурга бага байвал цагийн бэрхийг давчих байх хэмээн бодож байна гэв.
Олон талын арга хэмжээ авч, тусламж дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улсын төр, засаг, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллага, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж байгаагаа малчид илэрхийлж, хаврыг давж, дэлгэр зунтай золгох итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-02-05 03:08:33