• 05 сарын 13, Мягмар гараг
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БӨМБӨГӨР СУМЫН ИТХ-ЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
381 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2021 оны 07-р сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ ээлжит гуравдугаар хуралдаанаа зохион байгуулж байна. Хурлаар Бөмбөгөр сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, энэ оны төсвийн хагас жилийн хэрэгжилт, КоВид19-ийн халдварын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай сумын Онцгой комиссын тайлан мэдээлэл, төсвийн тодотгол зэргээр цаг үеийн шинж чанартай асуудлуудыг авч хэлэлцэж байна. Хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрдугаарт тус сум орон нутагт байсаар 20 гаруй жил болсон бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг авч хэлэлцлээ.

   Орон нутгийн удирдлагуудын зүгээс бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, эвдэрсэн газарт нөхөн сэргээлтээр оруулж ажиллуулж байгаа аж. Ингэхдээ тухайн нөхөрлөлүүдээс гэрээний хүрээнд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах, зарим тулгамдсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэх зэргээр ажиллаж байгаа юм байна. Гэрээ байгуулсан зарим нөхөрлөлүүд эрүүл газарлуу орох, хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. Иймээс уг асуудлыг хурлын хуралдаанаараа оруулан хэлэлцэж байгаа аж. Тус хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, МХГ-ын дарга Н.Бямбадорж нар оролцож талуудын байр суурийг сонсож, холбогдох чиглэлээр мэдээлэл өглөө.
Засаг дарга Д.Мөнхсайхан: " Баянхонгор аймаг уул уурхайн тал дээр бодлогоо ил тод нээлттэй зарчмаар явуулахыг зорьж байна. Өмнөх жилүүдэд уул уурхайгаас 1 тэрбум орчим төгрөгийн орлого орон нутагт ордог байсныг халж энэ онд 7 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр ажиллаж байна. Гол нь хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, орж ирсэн орлогоос тодорхой хэсгийг Ковидын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, ажилгүй иргэдээ ажил орлоготой болгох, аймаг орон нутгийн өнгө төрхөө арай нэг өөр болгохоор төлөвлөн ажиллаж байна. Ажил ч ахицтай явж байна. Гэхдээ бид цаашдаа ухдаг баялагт бус ургадаг - өсдөг баялаг, урсдаг баялагт бодлогоо чиглүүлэхээр, үүнээсээ ашиг орлого олохоор төлөвлөж байна. Магадгүй бичил уурхай эрхлэлтийг бүр мөсөн зогсоож ч болзошгүй юм. Бөмбөгөр сумын тухайд бичил уурхайгаар амь амьдралаа залгуулдаг олон зуун өрх энэ суманд бий. Болохгүй гэж үзээд хаагаад, бүх техникүүдийг нь лацдаад аваад явах шиг хялбар ажил байхгүй. Гэвч цаана нь олон хүний аж амьдрал явж байгаа учраас нөхцөл байдлыг харзнаж, бас тооцож байна. Хэт нь бичил уурхай эрхэлдэг энэ олон иргэдээ өөр ажил хөдөлмөр эрхлүүлэх талаар судалгаа гаргалгааг сум орон нутаг одооноос тооцож ажиллах нь зүйтэй.
   Аймгийн зүгээс аль нэг сумын бичил уурхайн асуудалд нөлөөлж оролцоогүй. Цаашид ч оролцохгүй. Ямар нэгэн татаас татвар аваагүй. Цаашид ч авахгүй. Сум бие дааж шийдвэр гарган бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийг ажиллах, эсэх тухай асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Бөмбөгөр сумын хурлын төлөөлөгч та бүхэн нэгэнт ард иргэдийг төлөөлөөд сонгогдсон учраас хардаад суух биш, оролц, шалга,нягтал, баримт ярь. мэтгэлц. Орон нутгийн удирдлагууд мэдээллээ, санхүүжилтээ ил тод нээлттэй тавь. Мэдээлэл дутмагаас болж үл ойлголцол, улс төржилт, олон хүндрэлүүд үүснэ. Иймээс энэ үүссэн нөхцөл байдлыг аль болох зөв шийдвэрлэхийн тулд ард иргэд, сумын хурлын төлөөлөгч, төрийн байгууллага нь дундаасаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад бичил уурхайчдын үйл ажиллагаан дээр очиж хяналт шалгалт хийж, нөхцөл байдлыг бодитоор тодруул. Үнэхээр эрүүл газар луу орсон нөхөрлөл, хууль бус үйл ажиллагаа явуулсан газрууд байгаа юм бол шууд зогсооё. Бүгдийг нь очиж нягталж, шалгаад нэгдсэн санал дүгнэлтээ олонхоороо эцэслээд ирэх 7 хоногт танилцуул” гэж сумын удирдлага, хурлын төлөөлөгчдөд үүрэг болголоо.
Дээрх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн аймгийн зүгээс тус сумд бичил уурхай эрхлэгчдийн тухайд нэгдсэн шийдвэр гаргаж хэрэгжилтийг хангуулах болсноор Бөмбөгөр сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан завсарлалаа.

2021-07-26 04:06:37