• 01 сарын 04, Бямба гараг
Эрдэнэцогт сумын туруутан амьтдад өвс тэжээл тавьжээ
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.25) Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын туруутан амьтдын байршил бүхий цэгт биотехникийн /зэрлэг амьтдад өвс тэжээл тавих/ арга хэмжээ авчээ. Баянхонгор аймгийн 10 жилийн сургуулиудыг 1998 онд төгссөн төгсөгчид, Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Эрдэнэцогт сумын ЗДТГ, байгаль орчны алба хамтран өвс тэжээлийг тавьсан байна. 

Баянхонгор аймгийн Гэрэл  зурагчдын холбоо, “Говь Хангайн цэнхэр орон” цахим нэгдлээс санаачлан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагатай хамтран “Хонгор нутгийн ховор ан амьтдаа хайрлан хамгаалахад нэгдье” уриалгыг эхлүүлсэн. Уриалгын хүрээнд ховор амьтдыг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй Хонгор нутгийн уугуул, суугуул иргэд, тус аймгийн байгалийн гайхамшигт газруудаар аялал зохион байгуулдаг аж ахуй нэгж, аялагч нар хандив бүрдүүлж идэвхтэй оролцож байгаа юм. 

Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн есөн суманд өрнүүлсэн тус ажил ийнхүү Эрдэнэцогт суманд үргэлжилж байна. 

Эрдэнэцогт сумын өндөр уулын бүсэд аргаль, янгир, дорго, хэрэм, жирх, чоно, үнэг, хярс бор цагаан туулай, мануул, тарвага зэрэг амьтад нутагшин амьдардаг байна. Жигүүртнээс сойр, тас, ёл, уйл харцага, хойлог, тоншуул, хэрээ, шаазгай, тагтаа, турлиах, болжмор, алаг ятуу, ногтруу зэрэг шувууд элээ, галуу, нугас, ангир, өвөөлж, хун, бор галуу, тогоруу, цахлай гэх мэт нүүдлийн шувууд байдаг аж.

2021-08-03 06:49:51