• 01 сарын 06, Даваа гараг
Эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.02)  Аймгийн Онцгой комиссоос энэ амралтын хоёрт багтааж иргэдийн дунд эрсдэлийн шинжилгээг түүвэрлэн авах, битүү орчин буюу барилга байгууламжид эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ нь эрсдэлийг бууруулах боломж гэж үзэж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нийт иргэдэд хандаж, "Аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 5-ны өдөр хүртэл сунгаж байгаадаа ард иргэдээсээ уучлал хүсье. Амьдралын хэвийн горимд шилжиж, иргэд ААНБ-ын үйл ажиллагааг хязгаарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр энэ амралтын өдрүүдэд эрчимжүүлсэн 2 арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэлээ. 

Мөн тэрээр, "Цар тахлын аюулаас сэрэмжилж, анхаарлаа сулруулалгүй илүү ихээр хичээж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, аймагтаа энх цагийг хамтдаа бүтээн баталгаажуулцгаая” хэмээн уриалав. 

Эрчимжүүлсэн арга хэмжээний дүгнэлтийг ням гаргийн орой аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж, үр дүнтэй тохиолдолд ирэх даваа гаргаас зарим хязгаарласан үйл ажиллагааг нээхээр тооцоолжээ. 

2021-08-03 08:37:40