• 05 сарын 14, Лхагва гараг
Үнийн хөөрөгдөл үүсгэсэн ААН-ийг торгох хуулийн заалттай
137 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.10) Хуулийн этгээд /дэлгүүр аж ахуйн нэгж/ нь гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв үнийн хөөрөгдөл үүсгэсэн болох нь нотлогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нэг сая төгрөгөөр торгох эрхтэй байдаг байна. Иргэд үүнийг тэр бүр мэддэггүйгээс үнэ хөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирдог бөгөөд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсээс хуулийн мэдлэгийг иргэдэд хялбар аргаар олгож эхэлжээ. Тодруулбал, дээрх агуулга бүхий мэдээллийг 18-40 насны /дээд боловсролгүй/ хэрэглэгчдэд үүрэн холбооны компаниудаас мессеж хэлбэрээр илгээв.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтод, “Бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд үүрэн холбооны аж ахуйн нэгжийн үүргийг өндөржүүлж эрх зүйн болон хүний эрхийн мэдээлэл, сурталчилгааны ажилд оролцохыг үүрэг болгох” гэж заасан байдаг. Мөн зөрчлийн тухай хуулийн заалтад “Гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон дэглэмийг зөрчсөн бол хүнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

2021-08-06 03:01:00