• 01 сарын 03, Баасан гараг
НОГООН АЛТ, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСЛИЙН ҮР ДҮНГ БАЯНХОНГОР АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.04) Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Баянхонгор аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 04-ний өдөр боллоо. Аймгийн хэмжээнд уг төслөөс 2010-2016 онд 643,4 сая төгрөгийн, 2017 оноос хойш 336,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөлөл болон Баянхонгор аймгаас Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч Б.Батсуурь, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хишигбаатар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Баттөр, ГХБХБГ-ын удирдлагын хэлтсийн дарга-А.Цэцэнбилэг, Мал эмнэлгийн газрын дарга Л.Оюун эрдэнэ зэрэг холбогдох албаныхан болон Аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал П.Батчулуун нар хурлын танхим, цахим хосолсон зохион байгуулалтаар оролцлоо.
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар Аймгийн ЗД-ын орлогч бөгөөд Аймгийн БМАХ-ийн ахлагч Б.Батсуурь нээж арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Анх 2010 онд гурван суманд эхэлж 11 жилийн хугацаанд нийт 10 сумыг хамруулж өргөжсөн энэхүү төслөөр дамжин сум орон нутаг, малчдыг хөрөнгөө хорших, хамтын зохион байгуулалтад оруулах, бэлчээрээ зохистой ашиглах, хадгаламж зээлийн хоршоо байгуулсан гэх мэт бодит өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгдсэн гэж Баянхонгор аймгийн төвшинд үнэлж дүгнэдэг” гэлээ.
 
Харин Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т. Хишигбаатарын оролцогчдод хандсан илтгэлд “Баянхонгор аймаг Монгол улсдаа анх удаа “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ыг боловсруулан малчид иргэдийн саналыг тусган АИТХ-аараа 2018 онд батлуулсан. Аймгийн ЗДТГазар болон Швейцарийн хөгжлийн агентлаг, “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хамтын ажиллагааны үр дүнд дээрхи журам батлагдсныг хэлэхэд таатай байна. Журмын гол зорилго болох бэлчээрийн даацад тохирсон мал сүргийг өсгөх, үүнээс хэтэрсэн малын толгой тутмаас тодорхой хэмжээний хураамжийг багийн сандаа төвлөрүүлж, эргээд мал аж ахуй бэлчээртээ зарцуулах юм. Энэ нь 2020 онд УИХ-аас батласан “Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-ийг батлах гол агуулга, түлхэц болсон. Цаашид бид энэ амжилтаа бататган бусад аймгуудад үлгэр жишээ болохуйцаар анхаарч ажиллах нь чухал” гэж тодотгосон юм.
 
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл 2010 оноос Баянлиг, Баянговь, Гурванбулагт хэрэгжиж, өнөөдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд Богд, Заг, Жинст, Баянцагаан, Бөмбөгөр, Шинэжинст, Баацагаан зэрэг 10 сумыг хамруулжээ. Бэлчээр ашиглагчдын 125 хэсэг байгуулагсдсанаас 2020 оны байдлаар сумын Засаг даргатай Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан 67 хэсэг байгаа аж. Мөн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмаа Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн дөрвөн сум бий болсон нь Шинэжинст, Богд, Баянцагаан, Гурванбулаг сум. Түүнчлэн анхан шатны хоршоо, хадгаламж зээлийн хоршоог 5 сум байгуулжээ.
Төслийн хүрээнд онцлох хамгийн чухал ажил бол аймгийн хэмжээнд нийт 330 цэгт Бэлчээрийн Фотомониторинг үнэлгээ хийжээ. Үүний үр дүнд Бэлчээрийн бүтэц, даац, ургамлын гарц ямар хэмжээнд байгааг тодорхойлсон гарын авлагаар бүх сумдын газрын даамлуудыг хангаж, сургалтад хамруулсан байна.
2020 оны байдлаар манай аймгийн нийт бэлчээрийн 6,4 хувь нь л унаган төрхөө алдаагүй. Хүчтэй доройтсон 18,8 хувь, маш хүчтэй доройтсон 7,8 хувь гэж үнэлгээ гарчээ. Дийлэнхи бэлчээр буюу 57 хувь нь бага зэрэг доройтсон үнэлгээтэй байгаагаас харвал цаашид аймаг орон нутгийн хэмжээнд бэлчээр ашиглалтын бодлогоо улам эрчимжүүлэх шаардлагатай аж.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-10 09:29:40