• 01 сарын 03, Баасан гараг
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЭНТИЙН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
287 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн “Хог хаягдлын дэд хөтөлбөр" , "Мастер төлөвлөгөө"-г боловсруулах төслийн зөвлөх судлаач, доктор Д.Гансүх болон эрдэмтэн, судлаачдын багийнхан наймдугаар сарын 9-ний өдөр аймгийн холбогдох удирдлагуудтай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Дээрх ажлын хүрээнд манай аймгийн “Хөрсний бохирдлыг тодорхойлох нарийвчилсан судалгаа”-г энэ онд хийжээ. Ийнхүү одоо байгаа бодит нөхцлийг тодорхойлсны зэрэгцээ олон улсын сайн туршлагуудад тулгуурласан мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай тус төслийн багаас мэдээлэв.
 
Онцлон дурьдахад, “Хог хаягдлаа баялаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан жишиг аймаг” болох ажлыг аймгийн ЗДТГ, Баянхонгор хотын ИТХ, ЗДТГ болон БОАЖГ, "Цэвэр хот" ОНӨҮГазар, "Монсертф Туризм" ХХК, "Шизүмон" Тогтвортой хөгжлийн нийгэмлэгүүд хамтран "Эко Баянхонгор" төслийн хүрээнд энэ онд эхлүүлээд байгаа юм. Улмаар бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх хог хаягдлын менежментийн нэгдсэн загварыг бий болгохыг зорьж буй.
 
Судалгаагаар манай аймгийн газар нутгийн 78% нь цөлжсөн. Баянхонгор хотод төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах, ашиглалтын хугацаа дууссан хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, жил ирэх бүр нэмэгдсээр байгаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хур хог хаягдлын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгамджээ. Хоногт нэг хүнээс гарах хог хаягдлын хэмжээ Баянхонгор аймагт улсын дунджаас их байгаа тул энэ үзүүлэлтийг бууруулах, иргэдээ байгаль орчиндоо ээлтэй болгон төлөвшүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай аж.
Ташрамд дуулгахад, аймгийн Засаг даргын 2021 оны Үйл ажиллагааны үндсэн чиглэлд "Хог хаягдлын мастер төлөвлөгөө"-г боловсруулахаар тусгажээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-12 05:47:27