• 12 сарын 31, Мягмар гараг
Тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах ажлын багийг хүлээн авч уулзав
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.09.21) Монгол Улс дахь Австралийн холбооны улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ноён Дэйв Престоноор ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр ажиллалаа.

Ажлын багийнхныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал болон бодлогын хэлтсийн дарга нар хүлээн авч, албан уулзалт хийв.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тус ажлын багийг Баянхонгор аймагт айлчилж буйд талархал илэрхийлээд аймаг орон нутгийн хөгжлийн ойрын төлөвлөгөө  буюу байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах бодлого, хүнээ хөгжүүлэх бодлого, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн гурван бодлогын талаар танилцуулсан юм.

Ингэхдээ  цөлжилт, бэлчээрийн доройтлоос унаган байгалиа хамгаалахын тулд эхний ээлжинд аймгийн төвөө ногооруулах ажлыг эхлүүлсэн, орон нутгийн нөхцөл боломж буюу хоёр бөхт тэмээн сүргийнхээ сүүг боловсруулж гадны зах зээлд нийлүүлэхээр үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн, хүнээ хөгжүүлэхийн тулд боловсролыг бодлогоор дэмжиж, хөдөлмөрийн насны хүн амыг ажилд сургах тал дээр багагүй үр дүнг үзүүлээд байгаагаа тодотгосон. 

Монгол дахь Австралийн холбооны улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон "Бид зөвхөн Улаанбаатарт бус Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллах зорилготой байгаа. Энэ хүрээнд орон нутагт ажиллах анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж, төр засгийн бодлого үйл ажиллагааных нь  талаар тодорхой мэдээлэл авч буйдаа баяртай байна. Ер нь олон зүйлд хүч тарамдуулах бус хамгийн чухал нь гэж эрэмбэлээд тухайн чиглэл рүүгээ анхаарч ажиллаж буй нь туйлын зөв. Эдгээр салбартаа дорвитой ахиц гарчихвал аажмаар бусад дагалдах салбар хэсгүүдэд тэр хэрээрээ өөрчлөлт гарах нь дамжиггүй. Манай талаас зөвхөн боловсрол гэлтгүй танай орон нутгийн шинэ санаачилга төсөл зэргээр холбогдох салбаруудыг дэмжиж хамтран ажиллах боломжтой юм" гэлээ.

Австраличуудын хамгийн дуртай спорт болох крикетийг Баянхонгор аймагт хөгжүүлж, олон хүүхэд залууст зориулан крикетийн зориулалтын талбай байгуулан өгч байгаад ноён Дэйв Престон ихэд  олзуурхаад, ирэх онд тохиох Монгол-Австрали улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн спортын наадмаа  уг талбайг түшиглэн танай аймагт хийж болох юм. Бидний цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны дипломат харилцааны үр шим өндөр байг гэснээр хоёр талын албан уулзалт өндөрлөв.

2021-09-27 01:38:24