• 12 сарын 31, Мягмар гараг
Өвс тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлэхийг зөвлөлөө
137 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.09.25)  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, мэргэжил аргазүйн зөвлөмж өглөө.

Аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Хишигбаатар, ХХААГ-ын дарга Ж.Баттөр, МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Ингэний сүүний үйлдвэрийн тухайд төслийн удирдагч Д.Хишигбаяр танилцуулга мэдээлэл хийж, ажлын уулзалт эхлэв.

Мөн үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр мөн ирэх өвөл, хавар эрс хүйтрэх, цас эрт унах төлөвтэй байгаа тул өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэх, малын өвчлөлийг таслан зогсоох, мал махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчид  отор нүүдэл хийхгүй байх талаар үүрэг чиглэл өглөө. Түүнээс гадна цаг агаарын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвт ус, тунадасны хэмжээ их байсантай холбоотойгоор газар эрт хөлдөх, цас их орох, харьцангуй хүйтэн өвөл болох магадлалтай байгааг хэлж, малчид иргэдийг мэдээллээр хангахыг зөвлөв.

Уулзалтын дараа Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй явган замын хавтангийн үйлдвэр, Шинэ суурьшлын бүсэд барьж буй ингэний сүүний үйлдвэр, 1000 тоннын багтаамж бүхий мах, ногооны зоорийн ажлын явцыг ХХААХҮЯ-ны ажлын багт танилцуулсан юм. Явган замын хавтангийн үйлдвэр өнгөрөгч долдугаар сард ашиглалтад орсон бөгөөд энэ хугацаанд замын бродюр 7500, эко хавтан 11 мянга, замын хавтан 20 мянгыг тус тус үйлдвэрлэж, төрийн байгууллага болоод нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах үйл ажиллагаанд тавьж эхлээд байна.

Өөрийн онцлог нөхцөлд суурилан брэнд бүтээгдэхүүн бий болгох, олон улсын зах зээлд өндөр өртгөөр нийлүүлэх зорилгоор орон нутаг өөрөө бодлогоо тодорхойлон, ингэний сүүний үйлдвэр байгуулахаар барилгын ажлаа эхэлсэн бол малчид, тариаланчдын бүтээгдэхүүнийг шинэхнээр нь чанартайгаар хадгалах өөрийн өмчийн 1000 тоннын багтаамжтай  зоорийн суурийн ажлыг хийж байгаа аж.

Эдгээр ажилтай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцаад яамны зүгээс шаардлагатай асуудлууд дээр зөвлөн тусалж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

2021-09-27 01:53:13