• 05 сарын 15, Пүрэв гараг
АЗДТГ: Хяналт, шинжилгээ, үнэлгээг онлайн системд нэвтрүүлж, цахим санд шилжүүлнэ
153 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.10.05)  Өнөөдөр Төр захиргааны ордоны хурлын танхимд албан байгууллага, агентлагийн дарга, эрхлэгч нарын ээлжит шуурхай хурал боллоо.
 
Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал цаг үеийн болон энэ сарын зургаанаас 25-ны хооронд Баянхонгор аймгийн хэмжээнд өрнөх томоохон ажил, арга хэмжээний бэлтгэл хангах, анхаарах асуудлаар мэдээлэл хийв. Тухайлбал,
- “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” 
 
-“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” ( Монгол улсын шадар сайдтай Баянхонгор аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээнд туссаны дагуу ОБЕГ-аас тус сургалтыг манай аймагт 2011, 2015 онд зохион байгуулсан байдаг. Энэ удаагийн Команд штабын сургууль нь 2020 онд болох байсан хэдий ч цар тахлын улмаас хоёр жил хойшлоод байсан юм.)
 
-ЗГХЭГ, Төрийн албаны салбар зөвлөлийн хамтарсан ажлын хэсгээс төрийн албаны үйл ажиллагаа, томилгоо, хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэгт үзлэг, шалгалт хийх арга хэмжээнүүдийг онцолсон юм. Ташрамд дуулгахад Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөлөөс “Ёс зүй, хандлага зөвтэй төрийн алба” сарын аяныг санаачлан эхлүүлж байгаа аж.
 
Дараагаар нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав: “Гуравдугаар улирлын дүн мэдээгээр аймгийн хэмжээнд 69 төрийн алба хаагч зөрчилд холбогдсон байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр зөрчлийн дийлэнхи нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар автомашин жолоодсон гэдгийг тодруулсан. Мөн өмнөх улиралд боловсролын салбарын алба хаагчид зөрчилд илүү бүртгэгдсэн байсан бол буурч, харин албан байгуууллагын жолооч, жижүүр, харуулууд зөрчилд бүртгэгджээ. Тиймээс удирдлагууд алба хаагчдынхаа ёс зүйд анхаараарай” гэв. Мөн ТАСЗ-өөс санаачилж буй аяны хүрээнд энэ сарын 11,12-ны өдөр Хөдөлмөрийн хууль хэрэгжүүлж, мөрдөхтэй холбоотой сургалт зохион байгуулах тул холбогдох удирдлага, алба хагчид идэвхитэй оролцохыг уриаллаа.
 
Энэ удаагийн ээлжит шуурхай хурлын төгсгөлд Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын Хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаанд онлайн систем нэвтрүүлж, цахим санд шилжүүлэх програмын ажил удахгүй хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор “Ухаалаг засаглал” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан тайлбар, танилцуулга мэдээлэл өглөө. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтооход ахиц гаргах нэгэн алхам нь хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааг онлайн системд нэвтрүүлэх юм.
 
Технологийн дэвшлийг ийнхүү ашиглаж аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн байгууллагууд, сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг боловсруулах түүнийг үнэлж дүгнэх, нэгтгэсэн тайланг яам, агентлаг, Засгийн газарт цахим байдлаар дүгнүүлдэг болох нь цаг хэмнэх, хяналт сайжрах, үр дүнг нэмэгдүүлэх олон сайн талтай аж. Одоогоор улсын хэмжээнд Төв болон Дундговь аймаг хяналт, шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаандаа онлайн систем бүрэн нэвтрүүлжээ. Манай аймгийн хувьд гурав дахь нь болж, ахиц гаргахаар зорьж буй.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-10-05 10:46:49