• 05 сарын 15, Пүрэв гараг
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ
335 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.10.07)  Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргын 2021 онд байгуулсан гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг Баянхонгор аймагт өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна.

Команд штабын сургууль нь Танхимын сургалт, Бэлэн байдлын үзлэг (зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, хүн нэг бүрийн хувийн бэлтгэл хангасан байдал, жигдрэлт), Штабын дадлага, Дадлага сургууль гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр болох бөгөөд өнөөдөр Команд штабын сургуулийг танхимын сургалтаар эхлүүлэв.

Команд штабын сургуулийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан, сургуулийн удирдагч буюу Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана нар нээж, дадлага, сургуульд хамрагдах нийт  бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Таван жилд нэг удаа зохион байгуулдаг команд штабын иж бүрэн сургууль энэ жил цар тахлын улмаас иргэдийг татан оролцуулалгүйгээр аймаг, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги болон аймаг, сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, удирдлагыг хамруулж байна.

Баянхонгор аймгийн гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд астрономийн 48 цаг, оперативын 72 цагийн багтаамжтай гурван үетэйгээр явуулахдаа  “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа" сэдвийг гол агуулга  болгоно.

 

2021-10-07 03:30:29