• 05 сарын 15, Пүрэв гараг
Хөдөө аж ахуйн салбарт суралцагчдыг бодлогоор дэмжиж байна
195 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/10/2021 Баянхонгор аймгаас ХААИС-д мал аж ахуйн чиглэлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн дэмжлэг олгохоор болжээ. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ХХААГ-ын дарга Ж.Баттөр, аймаг сумдын ЗДТГ, суралцагч оюутны дөрвөн талт гэрээг байгууллаа.

Баянхонгор аймаг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 12 сум мэргэжлийн мал зүйчтэй /бусад суманд байхгүй/ боловч тэдний тал  хувьд 50-иас дээш насныхан ажиллаж байна.

Тиймээс эдийн засгийн голлох салбарын ажлын үр дүнг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, төрийн залгамж халаа мэдлэгтэй, мэргэжилтэй залуу боловсон хүчний нөөцийг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах зорилгоор тухайлсан бодлого боловсруулжээ. Ингэхдээ Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянбулаг, Баянцагаан, Богд, Бөмбөгөр, Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Хүрээмарал, Шинэжинст, Эрдэнэцогт зэрэг сумаас нийт 18 оюутанд /энэ онд 30,0 сая/ тэтгэлэг олгож байгаа аж.

Гэрээг үзэглэх үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан, “Та бүхэн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай орон нутгийнхаа ойрын болон хэтийн хөгжилд өөрийн хувь нэмрээ дорвитой оруулахын төлөө хичээн суралцаарай. Аймаг орон нутгаас фермерийн аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа. Төлөвлөгөөний үр дүнг гаргахад та бүхний сурсан мэдсэн зүйлс  чухал дэмжлэг болох нь  дамжиггүй” гэдгийг онцлон тэмдэглэв.  

Аймгаас олгох 50 хувийн дэмжлэг дээр зарим сум 25 хувийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг нэмж олгохоор гэрээндээ тусгасан байна. Иймээс аймаг, сумаас сургалтын төлбөрийн дэмжлэг авахаар гэрээ байгуулсан оюутнуудад мэргэжлээрээ сайтар суралцах, төгсөн гараад аймаг, сум орон нутагтаа ирж ажиллах шаардлагыг тавьж байгаа юм.

2021-11-19 01:13:22