• 05 сарын 15, Пүрэв гараг
ЧАДАВХЖУУЛАХ БАГЦ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
182 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/22/2021 Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өнөөдөр Баянхонгор хотноо эхэллээ. Энэ сарын 24-нийг дуустал буюу гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс зохион байгуулж буй юм.
 
Чадавхжуулах багц сургалтын эхний өдөр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Э.Бат-Идэр тэргүүнтэй ажлын хэсэг, Удирдлагын академийн багш Ё.Батсүх болон “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн төлөөлөл бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэй баг албан томилолтын дагуу холбогдох асуудлаар сургалт хийж, асуултад хариулахаар тусгаснаараа онцлог.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр өглөөний 09.30 минутад “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд орох нэмэлт өөрчлөлтийн тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр танилцуулж, мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн зургаан төрлийн сургалтыг албаны хүмүүс хуваарийн дагуу хийж байна.
 
Тус сургалтад Баянхонгор аймгийн хорин сумын Засаг даргын тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтнүүд нийт 62 хүн оролцохоос 50 гаруй нь иржээ. Оролцогчид 16-18 цагт хөтөлбөр ёсоор төрийн албаны стандартын дагуу ажиллах орчныг бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулж буй Татварын хэлтсийн байранд зочлон, туршлага судлах үзүүлэх сургуульд оролцсоноор өнөөдрийн сургалтаа өндөрлөнө.
 
Ташрамд дуулгахад, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс “Чадавхжуулах багц сургалт”-ын өгөөж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийт 20 орчим сэдэв бүхий илтгэлүүдийг тухайн сэдэв тус бүрийн ард тэмдэглэл бичих хэсэгтэйгээр эмхэтгэн хэвлэж, гарын авлага болгон бэлтгэлээ.

2021-11-22 09:36:36