• 12 сарын 28, Бямба гараг
“Эрүүл жаргалтай Баянхонгорчууд” аяныг эхлүүллээ
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-17 Нийт иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах “Эрүүл жаргалтай Баянхонгорчууд” аяныг аймгийн Баян-Овоо сумаас өнөөдөр /2022.02.17/ албан ёсоор эхлүүллээ.

"Ковид-19" цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэг шинжилгээнд хоёр жилийн хугацаанд иргэд дорвитой хамрагдаж чадаагүй. Тэгвэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар  15-64 насны нийт иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулах ажлыг ийнхүү эхлүүлж байна. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар тус ажлыг дэмжсэнээр  1.5 тэрбумын төсвийг баталсан байна.

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг хослуулахаараа онцлог тус үзлэг шинжилгээний нээлтэд аймгийн  Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Мөнхсоёл, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Наранбаяр, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, НЭ-ийн дарга Ч.Жавзан болон үзлэг шинжилгээг хөдөө орон нутагт гардан явуулах эмч, сувилагч нарын бүрэлдэхүүн, Баян-Овоо сумын удирдлага иргэд оролцов.    

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл, “Өөртөө болон гэр бүл үр хүүхдийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж яваа хүн бүр эрүүл мэнддээ санаа тавин, аймаг орон нутгаас тусгай бодлого гаргаж томоохон зардлаар зохион байгуулж буй энэхүү эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд манай аймгийн 15-64 насны иргэн нэг бүр  хамрагдах шаардлагатай юм. Таны төлөө төр анхаарч эрүүл мэндийн үйлчилгээг та бүхэнд ойртуулан суманд авч ирсэн энэ цаг үеийг үр дүнтэй ашиглаж үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай” гэж  уриаллаа.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд мэдээллийн ажилтнууд иргэдийг бүртгэлжүүлэн, дотор, мэдрэл,  эмэгтэйчүүд, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, рентген, дүрс оношилгооны /эхо/ нарийн мэргэжлийн эмч нарт болон серологийн лаборант нарт үзүүлэх, шинжлүүлэх бичгийг олгох юм. Аймгаас томилсон дөрвөн ажлын хэсэг 20 сум суурин газарт хүрч, уг үзлэг оношилгоог гардан  явуулах  ба  серологийн түргэвчилсэн шинжилгээг авч, шаардлагатай тохиолдолд эхний тун эмчилгээг газар дээр нь хийхийн зэрэгцээ өвчтөний нэрийн хяналтыг бий болгон  ажиллана.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг ийнхүү орон нутагт, нэгжид зохион байгуулснаараа хүнд архаг, суурь өвчтэй олон хүмүүс өвчнийхөө нөхцөл байдлыг тодорхойлох, улмаар яаралтай эмчлүүлэх болон цаашид хэрхэх тухайд зөвлөгөө мэдээлэл авах, хавдар, зүрх судасны өвчин, даралт ихсэх, дох, тэмбүү зэрэг халдварт болон  халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх өндөр ач холбогдолтой юм. 

 

  

2022-02-17 10:51:41