• 12 сарын 28, Бямба гараг
АЙМГИЙН ИТХ-ЫН НАЙМДУГААР  ХУРАЛДААН БОЛЛОО
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2022.02.25 ) аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит  VIII хуралдаан боллоо.  Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг баталлаа. Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

  1. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлангийн тухай
  2. Хурлын хороо болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  3. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай
  4. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшууллын зардлыг батлах тухай
  5. Өлзийт сумын Бийрийн уулзвар 5 дугаар багт нөхөн сонгууль зохион байгуулах тухай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн батлах тухай
  6. Баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн батлах тухай
  7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай
  8. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай
  9. Ковидын дараах сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө батлах тухай
  10. Баянхонгор сангийн журам батлах тухай
  11. Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, жендерийн салбар хорооны үйл ажиллагааны тайлангийн тухай
  12. Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр хураах хугацаа тогтоох тухай
  13. Баянхонгор хотыг 2013-2033 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэхээр төлөөлөгчдийн 61,5 хувийн саналаар баталсан юм.

 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу  Баянхонгор аймаг дахь  Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг тус  газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд илтгэлээ.  Тайланд “Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө” /2013-2016 он/, “Хөгжлийн стратеги хөтөлбөр” /2013-2021 он/-ийн хэрэгжилт болон 2021 оны үйл ажиллагааны  тухайд товч танилцуулав.  Ийнхүү 10 жилийн өмнөөс батлан хэрэгжүүлж эхэлсэн  хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 96 хувьтай хэрэгжиж байгаа аж. Дараагаар нь, ИТХ-ын хууль эрх зүйн асуудал эрхэлсэн хороо,  ес зүйн асуудал эрхэлсэн хороодод Ардчилсан намын бүлгээс гишүүдийн өөрчлөлт оруулах тухай саналыг оруулж хурлаар хэлэлцэж дэмжлээ. Мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар өөрчлөлт оруулахгүй байхаар тогтож хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх тэдгээрийн загвар, хэрэглэх журам болон төлөөлөгчдийн урамшууллын зардлыг тус тус баталлаа.

Мөн Баянхонгор аймгийн Бийрийн уулзварын тав дугаар багт нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг дараах бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа. Тодруулбал: Аймгийн сонгуулийн хорооны даргаар АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Нарийн бичгийн даргаар ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Юндэнбазар, Гишүүдэд – АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, ТЗУХ-ийн дарга П.Отгонбаяр,  аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Ц.Байгалмаа, БТСГ-ын дарга Б.Оюунбаатар, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Тэгшбаяр нарыг оруулан  тогтоолоор баталлаа. Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Монгол улсын арслан Пагмын Аюушийн мэндэлсний 100 жил /нөхөн/, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жил /нөхөн/, Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30, Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг /нөхөн/ зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан 13 ажлын хэсэгтэйгээр байгууллав. Аймгийн ЗДТГ-ын ХБХОТХ-ээс танилцуулсанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл –/Галуут сумын Өлзийт хошуунд/, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /Баян-Овоо сумын нутаг дэвсгэр буюу Шинэ суурьшлын бүсийн ойролцоо/ -ийн тухай тус тус хэлэлцээд тухайн сумдын ИТХ-ын шийдвэрийг үндэслэн аймгийн ИТХ-аас олгохгүй гэж шийдвэрлэв. Ковидын дараах сурлагын хоцродлыг нөхөх арилгах төлөвлөгөөг аймгийн БШУ-ны газрын дарга Ц.Энхтөр танилцуулав. Тус төлөвлөгөө нь 2022-2023 онд таван зорилтын хүрээнд 28 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрнөөс нийт 2,5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс батлан мөрдүүлж байсан  “Баянхонгор тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ын дүрэмд тодорхой өөрчлөлтийг оруулан ИТХ-ын дараагийн хуралдаанаар авч хэлэлцэн Төлөөлөн удирдах зөвлөлийг /ТУЗ/ байгуулахаар болов.

ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААНЫГ НЭЭЖ БАЯНХОНГОР АЙМГИЙН  ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТЫН ХЭЛСЭН ҮГ

“Аймгийн ИТХ ээлжит VIII хуралдаанаа зохион байгуулж байна.  Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших  анхны хуралдаан  болж байгаагаараа  өнөөдрийн  хуралдаан  онцлог  юм.

Та бид энэ удаагийн ээлжит хуралдаанаараа Аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан,  Хурлын хороо болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,  Хурлын төлөөлөгч үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, тэдгээрийн загвар, хэрэглэх журам, Баянхонгор сангийн журам  зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Цагдаагийн газрын тайланг жил бүр хурлаар сонсож хэлэлцдэг  хуулийн заалттай.

 Энэ 2022 онд Монгол оронд цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жил, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жил, мөн өөр олон байгууллагын тэгш ой тохиож байна. Иймээс ИТХ-ын нээлтийн энэ хүндэт индэр дээрээс тэгш ой нь тохиож байгаа бүх байгууллагын  бие бүрэлдэхүүн, хамт олонд байгууллага, салбарынхаа их ойнуудыг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтахын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.  

Эрхэм нөхөд өө!

Оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар  аймаг,сумын ИТХ  зөвлөл, хороодын бүтэц зохион байгуулалтад орж, хурлын хуралдааныг улирал бүр хуралдаж  байхаар хуульчилсан. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс олон журмууд шинэчлэгдэн батлагдаж гарлаа. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах тайлагнах журмыг Засгийн газраас оны өмнө батлан гаргасан.

Энэ журмын хүрээнд та бид өнөөдөр аймгийн хурлын төлөөлөгч нарт сар бүр урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийднэ. Хуулийн энэ шинэ орчин нь эрхэм төлөөлөгчид  та биднээс  улам их  хариуцлага, ёс зүй, сахилга батыг шаардаж байгаагийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг улам бүр өндөржүүлж байна.

Шинэчилсэн  хуулиар Орон нутгийн сан байгуулж, санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоохоор хуульчилсан. Та бүхэнд хүргэсэн  Баянхонгор сангийн журмыг  олон талаас нь шүүн хэлэлцэж, батлан гаргах  шаардлагатай.

Өнөөдрийн Ээлжит 8-р хуралдааны дараагаар манай аймагт  ХАА-н салбарын зөвлөгөөн, Аймгийн хөгжлийн зөвлөгөөн, семинарууд болно. Энэ удаагийн хуралдаанаас болон дээрх  зөвлөгөөн семинаруудаас гарсан шийдвэрүүдийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж,  ажил хэрэг болгоход  төлөөлөгчид бид бүхэн анхаарлаа хандуулж ажиллах нь цар тахлын улмаас  хүндэрсэн  аймгийн эдийн засгаа  сэргээн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгоход  чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэв. 

  

  

2022-03-03 02:35:36