• 04 сарын 26, Баасан гараг
Баянхонгор аймгийг анх байгуулж байсан Бөмбөгөр сум руу дугуйн аялал хийнэ
476 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 "Хонгорын дугуйчид" холбооноос Баянхонгор аймаг байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан аймаг анх байгуулж байсан Бөмбөгөр сумын чиглэлд унадаг дугуйн аялал зохион байгуулахаар болжээ. 

Тус аялал нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл эерэг хандлагыг төлөвшүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор түүх соёл уламжлалаа мэдрүүлэх, сурталчлан таниулах зорилготой.

Аялалд унадаг дугуйн спортыг сонирхогч эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэгч 17-гоос дээш насны төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч, иргэд, хүүхэд оролцоно. 17-18 насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авсан байх, нийт оролцогчид уртын аялалд явахад зориулсан малгай, нүдний шил, бээлий, суудлын зөөлөвч болон дугуйн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж бэлтгэлийг бүрэн хангасан байхыг шаардах юм.

Аялагчид 2022.06.11-ний 6.00 цагт Баянхонгор аймгийн Баганат талбайгаас хөдөлж 100 км замыг унадаг дугуйгаар туулж Бөмбөгөр суманд очих юм. Бөмбөгөр суманд очоод Спортын дэд мастер Б.Мягмаржавын нэрэмжит 17 хүртэлх насны ангиллын унадаг дугуйн уралдааныг зохион байгуулах аж.

Аялалд явах хүсэлтэй аялагчдыг дугуйн холбоон дээр энэ сарын 9-ний өдрийг хүртэл бүртгэж мандат олгох бөгөөд аяллын явцад хамгийн зөв зохион байгуулалттай, цагаа зөв ашиглаж, аяллаа амжилттай дуусгасан гурван багийг шагнаж урамшуулах юм байна.

2022-06-08 10:00:00