• 12 сарын 27, Баасан гараг
“Маамуу нааш ир” дуунд зориулсан гэрэлт хөшөөг босгожээ
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд 60 жилийн түүхт ой нь тохиож буй Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант” хүүхдийн зусланд “Маамуу нааш ир” дуунд зориулсан гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөг Баянхонгор аймгийн уугуул уран барималч УГЗ Д.Сосорбурам, барималч Д.Угтаасүрэн нар бүтээсэн бөгөөд тэдний ажилд ГБХЗХГ-ын ажилчид тусалсан байна.

Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуугаар зүй ёсоор нэрлэгддэг "Маамуу нааш ир" дууг 1956 оны 10 дугаар сарын 25-нд олны хүртээл болгож байжээ. Энэхүү дууны үгийг Хонгор нутгийн хөвүүн, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн бичсэн юм.

Дуулгахад, уг дуунд зориулсан хөшөө Улаанбаатар хотын Хүүхдийн төв ордны баруун талд байдаг бол Ч.Лхамсүрэнгийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Баянхонгор аймгийн Ном соёлын өргөөний өмнөх талбайд байдаг. Дууны 60 жилийн ой 2016 онд, дууны үгийг бичсэн Яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиож байжээ. Ч.Лхамсүрэнгийн бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон бөгөөд 1962 онд “Хүрэн морь” найраглал, "Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал хүртэж байсан аж. 

  Маамуу нааш ир

Маамуу нааш ир

Манайд хоёулаа тоглоё

Аав ээж хоёрын

Авчирсан тоглоом бий шүү

   Морь унаж давхия аа

   Машин барьж явъя аа

   Ном сонин уншъя аа

   Ногоон модоо тойръё оо

Маамуу нааш ир

Манайд хоёулаа тоглоё

Ах эгч хоёрын

Авчирсан тоглоом бий шүү

   Хүрэн баавгай хөтөлье өө

   Хүчит заанаа тууя аа

   Хүүхэлдэйнхээ хамтаар

   Хөөрхөн тоглоомоор тоглоё оо 

2022-08-30 15:21:50