• 12 сарын 27, Баасан гараг
Бэлчээрийн даац нутгийн 15 орчим хувьд хүрэлцээтэй, 85 хувьд хэтрэлттэй байна
221 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасныг Баянхонгор аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн тав орчим хувьд сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг, 45 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр, Нийт нутгийн 3.9 хүртэлх хувьд бэлчээрийн нөөцтэй, 15.6 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 4.4 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн бол 18.4 хувьд даац олон дахин хэтэрчээ. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 15 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 85 гаруй хувьд хэтэрч гарсан байна.    

Энэ жил Хээр тал болон говийн бүс нутгаар зуны турш гандуу болон гантай, халуун хуурай салхи, ялангуяа долоодугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон байна. Мөн хур тунадас хангалтгүй орж, зуншлага дунд буюу муу байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарлав.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан)  гарсан сумдад Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянхонгор, Баянговь, Баянлиг сумд хамрагдаж байна. Харин Хүрээмарал, Бууцагаан, Богд, Жаргалант, Эрдэнэцогт, Баацагаан, Жинст, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар), нутгийн 34 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарчээ.

2022-08-31 17:20:45