• 12 сарын 27, Баасан гараг
Ерөнхий боловсролын 33 сургууль, СӨБ-ын 43 цэцэрлэгт 20 мянга шахам хүүхэд сурч хүмүүжнэ
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ хичээлийн жилд Баянхонгор аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 33 сургуульд 18882 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 43 цэцэрлэгт 529 хүүхэд сурч хүмүүжнэ. Түүнээс гадна Политеxникийн коллеж, Өлзийт МСҮТ, ХҮДС зэрэг сургууль үйл ажиллагаа явуулна.

Өнөөдөр аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, суралцагчдаа хүлээн авч байна. 

Баянхонгор аймгийн ууган сургууль буюу 98 жилийн түүхтэй "Номун далай" цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, багш, сурагчдад амжилт хүслээ. Тэрээр, "Буурал түүхт сургууль орчин үеийн стандартад нийцсэн хичээлийн шинэ байртай болж, хүүхэд багачууд эрүүл таатай орчинд сурч хүмүүжиж байна. Тун удахгүй хуучин сургуулийн буурин дээр олон улсын жишиг бүхий спорт талбайг байгуулна" гэдгийг нээлийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Мөн энэ өдөр, "Бид хүүхэд залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлэх, багш нарынхаа сургалтын технологийг сайжруулах, тэднийг ажлын байранд нь хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулах, захирал, эрхлэгч удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, эцэг эхчүүд, хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх замаар боловсролын чанарыг ахиулахын төлөө хичээн ажиллах болно" гэдгээ аймгийн БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг хэлж байна.

2022-09-01 11:45:00