• 12 сарын 27, Баасан гараг
"Ойжуулагч" мэргэжилтэн бэлтгэж байна
521 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймагт ойжуулалт, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа хийх иргэдийг бэлтгэж байна. Тодруулбал, Аймгийн хэмжээнд 150 иргэнийг “Өлзийт” МСҮТ-д тэтгэлэгтэйгээр "Ойжуулагч" мэргэжлээр бэлтгэж эхэллээ. Сум бүр мод тарих, усалгаа арчилгаа хийх долоон хүнийг бүртгүүлсэн бөгөөд хичээл энэ сард эхэлж, тавдугаар сард төгсч “Ойжуулагч” батламж авах юм.

"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд тус аймаг 2030 он хүртэл 20 сая модыг үе шаттай тарьж ургуулах зорилт тавьсан. 2023 он хүртэл бэлтгэл үе шат, 2024-2026 эрчимжүүлэх үе шат, 2027-2030 оныг тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, автозамын дагуух хамгаалалтын ойн зурвас байгуулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.

Тэгвэл энэ онд Баянхонгор сум аймгийн Засаг даргатай 25 мянган мод тарьж ургуулах гэрээ байгуулсан. Энэ хүрээндээ Шинэ суурьшлын бүсийн баруун талд 30 га газар хашиж, ойн зурвас хэлбэрээр мод тарих ажлыг эхлүүлээд байна. Тус талбайд нийтдээ 75 мянган мод тарих зорилттойгоос энэ жилийн хувьд 25 мянгыг нь тарих юм. Усалгаа, худгийн асуудлыг шийдсэн, услалтын системийг суурилуулан ажиллаж байгаа аж.

Сонирхуулахад, Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм.  Баянхонгор аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумдын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумдын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна.

2022-09-04 12:10:51