• 12 сарын 27, Баасан гараг
Дотуур байрны суралцагчдад тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөж байна
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Дотуур байрны суралцагчийн эрх хамгаалал, аюулгүй байдал" зөвлөгөөн Баянхонгор хотод эхэллээ. Энэ зөвлөгөөн улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэлж байгаагаараа онцлог.

Дотуур байрны суралцагчдад тулгамдаад буй асуудлыг зөв оношлох тодорхойлох, аюулгүй байдал хөгжил хамгааллыг сайжруулах, дотуур байрны багш, ажилтан ажиллагсдын мэргэжлийн ёс зүй, хандлага, хөгжлийн асуудлыг тус зөвлөгөөнөөр хэлэлцэж зөвлөмж шийдвэр гаргах юм.

Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ, ГХУСЗЗ, аймгийн БШУГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, ХЭҮК-ийн салбар оролцож байна. Ийнхүү төлөөллүүд салбар дундын ажлыг нэгтгэн хүүхдийн аюулгүй байдал, хөгжил хамгааллын асуудлаар "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор хэлэлцүүлэг хийж зөвлөлдөх юм.

Энэхүү үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ЕБС-ийн захирал, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, эмч нийт 100 шахам хүн оролцож байгаа бол Боловсролын ерөнхий газрын чиглүүлэгч багш нар хэлэлцүүлгийг удирдаж байна. Дотуур байрны асуудлаар санал хүсэлтээ иргэд аймгийн БШУГ-ын цахим хуудсаар болон 89014647 дугаарт хандан мэдээлэх боломжтой.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 28 дотуур байранд 1793 хүүхэд амьдран суралцаж байна. 

2022-10-28 09:07:05