• 12 сарын 26, Пүрэв гараг
Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл ихэсчээ
185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн хэмжээнд хүн амын дундах томуу, томуу төст өвчлөлийн тархалт өндөр, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл ихэсчээ. Тодруулбал, томуугийн халдвар өнгөрсөн долоо хоногоос 0.3 хувь, урьд оны мөн үетэй харьцуулахад 9 хувь, сүүлийн гурван жилийн дунджаас таван хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт амьсгалын замын халдварт өвчлөлөөс 15 хүртэлх насныхан 91 хувь, үүн дотроо 4 хүртэлх насныхан 63 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Хүүхдийн эмнэлэгт 74 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 73 хувь нь томуугийн шалтгаант өвчлөл байгаа аж.

Цаашдаа өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдийг амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэхийг сануулж, дараах зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн газраас хүргүүллээ.

- Олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх

- Бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

- Гараа тогтмол савандаж угаах

- Сода, давсны уусмалаар ээлжлэн хоолой, амаа зайлах

- Ханиалгаж найтаах үедээ амны алчуур цаас хэрэглэх

- Даарч хөрөхгүй байх, дулаан хувцаслах

- Дархлаа дэмжих аарц, чацаргана халуун шүүсийг хэрэглэх 

- Дархлаа сэргээх цэгэн иллэг хийхийг зөвлөж байна. 

Хэрвээ танд болон танай хүүхдэд ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байвал халдвар хамгааллын дэглэм баримтлан гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авахыг сануулав.

2022-11-03 09:05:00