• 12 сарын 27, Баасан гараг
Боломжит дүнгээс 3 дахин их мал өвөлжиж, хаваржина
254 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн бэлчээрийн хүрэлцээ хангамж 53.5 хувьтай гарсан бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 2.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих боломжтой. Харин 2022-2023 оны өвөл, хавар тус аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8300 хот айлд 4 сая гаруй мал, хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая мал өвөлжиж, хаваржих  урьдчилсан дүн гараад байна.

Үүнд, тэмээ 48.9 мянга, адуу 161.9 мянга, үхэр 244.4 мянга, хонь 1 сая 233 мянга, ямаа 2 сая 371 мянга байгаа юм.

Баянхонгор аймгийн хэмжээнд Их Богдын байгалийн цогцолбор газар, Говь гурван сайхны байгалийн цогцолбор газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт 1450 өрхийн 301.5 мянган толгой /бод  90.7 мянган толгой, бог 210.8 мянган толгой/ мал өвөлжиж хаваржина. Эдгээр өрхүүд Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаатай гэрээ байгуулан нутаглаж байгаа аж.

Орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутгийг Баянцагаан, Богд, Эрдэнэцогт, Жинст, Бөмбөгөр, Өлзийт, Баянлиг зэрэг сум нийт 316 мян.га талбайгаар хил заагийг нь тогтоон сумын ИТХ-ын шийдвэр гаргуулан цаг хүндэрсэн үед ашиглуулахаар төлөвлөжээ.

Тус газар нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай гэрээ байгуулж, хонин толгойд шилжүүлснээр 8.5 мянган толгой  мал өвөлжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар Аргалантын отрын бүс нутагт 2 сумын 23 өрхийн 11.7 мянган толгой мал идээшилж байна.

2022-11-09 18:47:19