• 12 сарын 26, Пүрэв гараг
Үнэлгээгээр сайн дүн авсан багш нарт үндсэн цалингийн хувиар мөнгөн урамшуулал олгоно
496 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Боловсролын шинэчлэлийн хүрээнд багшийн ажлыг сурагчдаас, сургуулийн ажлыг багш эцэг эх, мэргэжлийн байгууллагаас жилд хоёр удаа улс орон даяар цахимаар үнэлдэг болсон. Энэ удаа Баянхонгор аймгийн Төрийн өмчийн 31 сургууль, 36 цэцэрлэгийн үнэлгээг энэ сарын 14-16-нд зохион байгуулжээ.

Төрийн өмчийн 36 цэцэрлэгийн байгууллагын үнэлгээг 1847 эцэг эх, асран хамгаалагч, 222 багш, эцэг эх, асран хамгаалагч оролцсон комиссын 175 гишүүн, Боловсрол шинжлэх ухааны газрын 12 мэргэжилтэн хамтран оролцож үнэлсэн байна. Асуулгаар цэцэрлэгийн багш нарын Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр, орчны үзүүлэлтүүдийг үнэлжээ.

Харин ЕБС-ийн 31 байгууллагын үнэлгээг 3585  эцэг эх, асран хамгаалагч, 2688 сурагч, 974 багш, сурагч, эцэг эх, комиссын 140 гишүүн оролцож хийсэн байна. Ерөнхий боловсролын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх "Гүйцэтгэлийн үнэлгээ"-г Суралцагчийн сурах үйл ажиллагааны үр дүнгийн ахиц, Суралцагчийн хөгжил, хамгаалал, төлөвшил, Багшийн мэргэжлийн хөгжил, Сургууль ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн шалгуураар үнэлжээ.

Үнэлгээгээр сайн дүн авсан багш нарт үндсэн цалингийн хувиар мөнгөн урамшууллыг тооцон олгох ажлыг улсын хэмжээнд Боловсролын ерөнхий газар хариуцан зохион байгуулах аж.

Сонирхуулахад, Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулжээ.

2022-11-18 14:11:56