• 12 сарын 26, Пүрэв гараг
Ойн анги дэвшилтэт техник, тоног төхөөрөмжтэй боллоо
334 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Ойн ангийн удирдлага, албан хаагчид БОАЖЯ-нд трактор, агрегатуудын мэргэжлийн сургалтад хамрагдсан байна. Мөн үеэр долоон аймгийн Сум дундын ойн ангид нийт 970 гаруй сая төгрөгийн техник хэрэгслийг олгожээ.

Энэ хүрээнд Баянхонгор аймагт 90 морины хүчин чадал бүхий Lovol 904 загварын дунд оврын трактор, хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг дөрвөн төрлийн дагалдах тоног төхөөрөмжийг олгосон байна.

Эдгээр техник, тоног, төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн талаар болон ашиглалтын бүхий л үе шатуудад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тухайн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэгч “Мөнх ногоон тал” ХХК-аас холбогдох ойн ангийн дарга, инженер, жолооч нарыг оролцуулан зохион байгуулжээ. 

 

Баянхонгор аймгийн ойн анги орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжтэй болсноор мод тарьж, ургуулах ажил механикжиж, ажлын бүтээмж эрс нэмэгдэх юм. Ийнхүү богино хугацаанд тарьц, суулгацын нөөцийг бий болгох боломж бүрдэж, ойн менежментэд ахиц дэвшил гарахыг мэргэжилтнүүд хэлэв. Улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бодит хөрөнгө оруулалт болж байгааг онцоллоо.

2022-11-28 16:25:38