• 12 сарын 26, Пүрэв гараг
Бурхант хясаа
322 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс 20 км орчим зайтай, Чин сүжигт Номун ханы хийдээс хойд зүгт холгүйхэн их хадан хясаа бүхий уул байдаг. Энэ хадан хясааг нутгийн ардууд Бурхант хясаа (ХӨ46°50’19’’ ЗУ100°04’49’’) хэмээх бөгөөд сүслэн дээдэлсээр иржээ.

Хадан хясааны Цагаан туруут голын өөд хандсан хойд хананд бурхдын хөргийг бүтээсэн ихэд содон. Хангайн сүрлэг уулсын дунд тунгалаг уст Цагаан туруутын голыг хөвөөлөн орших Монгол түмний түүх соёлын үнэт дурсгал болсон Бурхант хясаа жуулчдын анхаарлыг татаж нүд баясгасан үзмэр юм.

Бурхадын хөргийг 1800-аад онд хаданд үлдээсэн байх магадлалтайг зарим судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд 1975 онд анх сэргээн тодотгосон бол 1991, 2011 онуудад мөн өнгө хээг тодотгон будсан түүхтэй юм байна.

Бурхант хясааны домгийг сөхвөөс:

Эрт цагт ах, дүү хоёр өөр газар явж эрдэм номд суралцаж, шашны хоёр урсгалаар машид сайн мэргэшсэн байж гэнэ. Тэр хоёр нутагтаа буцаж ирээд номын хүчин чадлаар хоорондоо үргэлжид тэмцэлдэж байсанд нэгэн цагт дүү нь ахыгаа егүүтгэжээ. Ингээд дүү нь ахынхаа хойноос харамсаж гашуудаж түүний буянд зориулж, машид хичээнгүйгээр хясаан дээр хорин нэгэн бурхан зурж /ижил хэмжээний/ сийлсэн юм гэсэн домог байдаг.

2022-12-10 22:18:56