• 12 сарын 26, Пүрэв гараг
Өвөлжилт хүндэрч буй сумдад өвс, тэжээлийн тусламж хүргэнэ
192 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өвөлжилт хүндэрч буй сумдын малчдад бодит дэмжлэг болгож, нийт 840 саяын төгрөгийн өртөг бүхий 269 тонн өвс, 700 тонн тэжээл нийлүүлэхээр УОК-оос шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Улаанбаатар хотноо албан ёсоор хүлээж авлаа. 

Аймаг орон нутаг руу ачуулж буй дээрх өвс, тэжээлийн цувааг малчдад, хэрэгцээтэй цэгт оновчтой хуваарилж олгоход аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хамтран малчны хотонд хүргэнэ.

Энэ жил Баянхонгор аймгийн 20 сумын 102 багийн 8.3 мянган хот айл, 13.2 мянган малчин өрхөд 3.4 сая толгой мал өвөлжиж байна. Мөн аймгийн хэмжээнд Их богдын байгалийн цогцолбор газар, Говь гурван сайхны байгалийн цогцолбор газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт 1450 өрхийн 301.5 мянган толгой  /бод  90.7 мянган толгой,  бог 210.8 мянган толгой/ мал өвөлжиж хаваржих юм. Эдгээр өрхүүд Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаатай гэрээ байгуулан нутаглаж байгаа аж.

Тус аймгийн 20 суманд 1063 тн өвс, 401.9 тн тэжээлийг нөөцлөөд байна.

2022-12-15 09:15:45