• 12 сарын 26, Пүрэв гараг
10 гаруй сургууль, цэцэрлэг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болов
180 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд  Баянхонгор аймгийн таван сургууль, гурван дотуур байр, таван цэцэрлэг стандартын ариун цэврийн байгууламжтай болжээ. Ингэснээр нийт сургуулийн 71.4 хувь, дотуур байрны 72.7 хувь, хүүхдийн цэцэрлэгийн 88.5 хувь нь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болж байна. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрт  туссан "Сургуулийн хичээлийн болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болгох" зорилтын хүрээнд дээрх ажлыг өрнүүлсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар “Эрдэнэт” үйлдвэрийн санхжүүжилтээр “Модерн хас“ ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, тус аймгийн Бөмбөгөр сумын ЕБС, Хүүхдийн цэцэрлэг,  Заг  сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр, Баянбулаг сумын Хүүхдийн цэцэрлэг, Баян-Өндөр сумын ЕБС, дотуур байр стандартын ариун цэврийн байгууламжтай болсноор суралцагчдын сурч боловсрох, багш нарын ажиллах нөхцөл бүрдлээ.  

Ариун цэврийн байгууламжийг хүлээн авах ажлын хэсэгт БШУЯ, Боловсролын ерөнхий газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Боловсрол, шинжлэх ухааны газрын холбогдох мэргэжилтэнүүд ажиллаж найман  барилгын ариун цэврийн байгууламжийг хүлээн аваад байна.    

Мөн энэ онд “Ус, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сан, КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр Хүрээмарал сумын сургуулийн хичээлийн байр, Галуут сумын сургуулийн  дотуур байр, Баян-Өндөр, Галуут сумын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэцогт сумын сургууль, дотуур байр Шинэ сум төслийн хүрээнд ариун цэврийн байгууламжаа шийджээ.

2022-12-16 12:30:18