• 12 сарын 26, Пүрэв гараг
Туршлага судлах, үр дүнгийн уулзалт болж байна
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Бага насны хүүхдийн цогц хөгжил" аймгийн төлөвлөгөөний 2022 оны ажлыг хэлэлцэх, 2023 оны төлөвлөгөөнд санал авах туршлага судлах үр дүнгийн уулзалт сургалт Баянхонгор хотноо болж байна. 

Тус төлөвлөгөө нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, "Алсын хараа -2050" бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал, орчны стандарт, цогц хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Аймгийн Засаг даргын 2022 оны А/118 тоот захирамжаар баталсан ажлын төлөвлөгөөний хүрээнд энэ жил Бөмбөгөр, Эрдэнэцогт суманд эцэг эхийн сайн дурын бүлгүүд амжилттай ажиллаж хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, халамж хамгаалалын чиглэлээр олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн хөрөнгө оруулалтаар  Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Галуут, Жаргалант сумын цэцэрлэгт ус ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулж, Өлзийт сумын СӨБ, Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн ариун цэврийн өрөө, 4 дүгээр цэцэрлэгийн бохирын шугамыг  засварлажээ. Түүнээс гадна 6 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд улсын жишиг орчин бүрдүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Аймгийн БШУГ-аас зохион байгуулж буй тус уулзалтад бүх сумын цэцэрлэгийн эрхлэгч, хүүхэд хамгааллын багийн ахлагч болон бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдаж байгаа аж.

 

Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 33, хувийн 33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 7529 хүүхэд сурч хүмүүжиж байна.

2022-12-20 10:25:55