• 12 сарын 26, Пүрэв гараг
Эрчим хүч, дэд бүтцийн томоохон ажлыг хийж хэрэгжүүлэв
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ онд Баянхонгор аймагт эрчим хүч, дэд бүтцийн томоохон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

“Баянхонгор Эрчим Хүч ЦТ” ХХК нь энэ онд Баянхонгор аймгийн 110/35/6 кВ-ын 12 МВА суурилагдсан чадалтай ОРУ дэд станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлээр 2 ш хүчдэл өсгөх төхөөрөмжийн суурийн цутгалтын ажлыг хийж, 2 ш тоноглолыг суурилуулсан ба бусад хүчний тоноглолын ажлыг 2023 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөд байна. Мөн Дулааны станц барих ажлын суурь бэлтгэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан “Баянхонгор-Эрчим Хүч ЦТ” ХХК нь 10/0,4 кВ-ын 100 кВА чадалтай КТП дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, эрчим хүчний түр шугам сүлжээнд холбож цахилгаан эрчим хүчээр бүрэн хангажээ.

Дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна

Улсын хэмжээнд 10 аймагт дулааны станц байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас энэ онд эхлүүлсэн. Баянхонгор аймагт зургаадугаар сард Дулааны станцын суурийн ажил эхэлсэн бөгөөд энэ оны төлөвлөгөөт ажил дуусаад байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг”, "МЭЗ" ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд энэ оны гүйцэтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгаас “Эх бүрдэн”, “Гурван тахилт оргил” ХХК-ууд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, орон нутгаас 20 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. 

Ирэх оны төлөвлөгөөний хүрээнд дөрөвдүгээр сараас тус бүрийн 10 гкал хүчин чадал бүхий гурван зуухыг энэхүү бэлтгэсэн суурин дээрээ угсарч суулгах, 18,3 км урттай шугам тавих, татах  ажлыг үргэлжлүүлэн хийх аж.

 Оргил ачааллын үед хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой болжээ

Баянхонгор аймгийн хэмжээнд цахилгаан хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 11 МВт ачаалалтай ажиллаж, чадлын дутагдалд ороод байсан. Тэгвэл 10 кВ-ын хүчдэлийн сүлжээг аймгийн төвд нэвтрүүлэн ажиллаж байгаагаас энэ онд нийт 18 ш дэд станц, 5км өндрийн шугам сүлжээг 10 кВ-ын хүчдлийн түвшинд бүрэн шилжүүлжээ. 110/35/6 кВ-ын дамжуулах дэд станцаас 480м 10 кВ-ын хүчний кабель шугам угсарч, ачааллын даацыг нэмэгдүүлснээр өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Мөн 9-р хорооны хуучин модон тулгууртай 0,4 кВ-ын шугам сүлжээг УКШ-9 маркын төмөр бетон тулгууртай сүлжээгээр 180 ш тулгуур иж бүрэн шинэчилж найдвартай ажиллагааг сайжруулаад байгаа аж.

 Агаарын шугамын даацыг сайжрууллаа

Аймгийн төвийн 6/10 кВ-ын агаарын шугамын ачааллын даац хэтэрч найдвартай ажиллагаа алдагдаж байсантай холбогдуулан таван гаргалгааны 4 км магистрал шугамын дамжуулагчийг АС-70 маркын дамжуулагчаар иж бүрэн шинэчилсэн байна. Аймгийн төвийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан 0,4 кВ-ын 2 км шугамын өргөтгөл хийж, хуучин 0,4 кВ-ын магистрал шугамуудыг СИП-50 маркын шугамаар 5 км шугамыг иж бүрэн шинэчилж, салбар шугамын бэхэлгээ болон холбоосуудыг сайжруулах ажлыг мөн хийжээ.

Ачаалал ихтэй дэд станцуудын үндсэн тоноглол болон 0,4 кВ-ын ерөнхий шитийг иж бүрэн шинэчилж, ачааллын даацыг нэмэгдүүлэх ажил бүрэн хийгдсэн байна.

Түүнээс гадна гэр хорооллын 0,4 кВ-ын хэрэглэгчдийн шитэнд  засвар үйлчилгээ хийж хэрэглэгчдийг тасралтгүй эрчим хүчээр хангаж ажиллах тал дээр анхаарч засварын ажлыг бүрэн хийж дуусгасан байна.

 Төв зам дагуух гэрэлтүүлгүүдийг иж бүрэн шинэчлэв

Аймгийн төвийн гэр хороолол болон зам дагуу нийт 430 гэрэлтүүлгийг засварлах, шинээр нэмэх ажлыг энэ онд хийж гүйцэтгэв. Хөх толгойн голын зам дагуу шинээр гэрэлтүүлэг угсарч, аймгийн төвийн гудамж, зам талбай болон зарим багуудад шинээр гэрэлтүүлэг угсарсан нь аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулсан томоохон ажил болжээ.

Мөн 2, 3, 6, 7  дугаар багийн нутаг дэвсгэр дэх 256 ширхэг гэрлийн толгойг сольсон бол 2, 7 дугаар багт 80 ширхэг гэрэл зам дагуу шинээр тавьсан байна.

Мөн Хөх толгойн шатны 108 ширхэг гэрэлтүүлгийг засварлаж, Онцгой байдлын газраас Аюулгүйн тойрог хүртэлх төв зам дагуу шинээр 96 гэрэлтүүлэг тавьжээ. Төв зам дагуух эдгээр шинэ гэрэл нь эрчим хүчний зарцуулалт бага төдийгүй авто болон явган зам руу хоёр талын тусгалтайгаараа ач холбогдолтой.

Түүнчлэн Баянхонгор хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төв зам дагуух барилга байгууламжууд дээр 12 мянган метр туузан гэрэл суурилуулсан байна.

Гэрэлтүүлгийг засварлаж шинэчлэх болон шинээр нэмэх ажлыг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, ”Баянхонгор эрчим хүч”ХХК-ийн Инженер техникийн ажилчид хамтран энэ оны 4-7 дугаар сард стандарт нормын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд анхааран хугацаанд нь хүлээлгэн өгчээ.

2022-12-22 11:20:58