• 12 сарын 26, Пүрэв гараг
Гэр хорооллыг дахин төлөвлөж байна
221 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн төвийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээ тавих ажлыг ирэх онд эрчимжүүлнэ.

Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын газрыг дэд бүтэцтэй холбон, орон сууцжуулж, өмчлөлт газраа үнэ цэнтэй болгоход иргэдэд дэмжлэг үзүүлэх  бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд улсын төсвийн 27 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Баянхонгор сумын гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр болсон.

Тодруулбал, Баянхонгор сумын 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багт дулаан, бохир, цэвэр, гадна дулаан хангамжийн 4620 метр шугам, бохирын 17100 метр шугам, 3800 метрийн гадна цахилгаан, 2070 метрийн гадна холбоо, 15х30, 9х18-ийн харьцаатай  халаалтын зуухны барилга, 12х9-ийн харьцаатай ус дулаан дамжуулах төвийн хоёр барилга, 6х3 6х3-ийн харьцаатай бохир усны насосны станцын барилга, 400квтын болон 630квт-ын хүчин чадалтай 6х9 харьцаатай дэд  өртөөний 6 барилгыг төлөвлөжээ. Мөн Баянхонгор сумын 3, 6 дугаар багийн 143 айл өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулж, 14.8 га талбайд 41 блок 1900 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлуудыг гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тэгвэл энэ онд 2.4 тэрбумын төсвөөр 2,3, 6, 7, 9 дүгээр багт дулаан хангамжийн 1690 метрийн шугам, бохир усны 1470 метрийн шугам, цэвэр усны 2200 метрийн шугамыг тус тус тавиад байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар гэр хорооллоо орон сууцжуулж, дулаан хангамж, ус хангамжийн дэд бүтэцтэй холбож, аймгийн агаар хөрсний бохирдлын хэмжээ буурч, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж өсөн нэмэгдэх юм.

2022-12-30 13:00:45