• 12 сарын 26, Пүрэв гараг
Хонгор нутагт шилжин суурьшихыг дэмжихэд чиглэсэн “Нээлттэй Баянхонгор аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
640 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2023.01.16) Баянхонгор хотноо “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах сургалт, хэлэлцүүлэг” болж байна.

Тодруулбал, Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжлийг гал унтраах байдлаар бус цогцоор нь шийдвэрлэхээр “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаачилга, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай.

Мөн аймаг бүр өөрийн орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангах үүрэг хүлээж буй.

Энэ дагуу санал боловсруулах сургалт, хэлэлцүүлгийн эхэнд Баянхонгор аймагт байгуулсан ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Эрчим хүчний дэд сайд, ажлын хэсгийн гишүүн М.Баярмагнай танилцуулав.

Дараагаар нь Монгол улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаарх танилцуулгыг Удирдлагын академийн багш доктор, дэд профессор П.Оюун-Эрдэнэ, “Бүсчилсэн хагжлийн үзэл баримтлал” төслийн талаар Эдийн засаг хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Эрдэнэбаяр нар тайлбар, мэдээлэл хийлээ.

Мөн Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжихэд Баянхонгор аймгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, нийгэм, эдийн засгийн бодит үнэлэмж, үйлдвэрлэл үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг ямар нөхцөл боломж байгааг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах, тэдгээрт үзүүлэх дэмжлэгийн талаар багтаасан “НЭЭЛТТЭЙ БАЯНХОНГОР” хөтөлбөрийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулна. Хонгор нутагт шилжин ирж суурьших иргэн, ААНБ-дад яг одоо ямар боломж байгаа, ямар боломжийг хэдий хугацаанд бий болгох, УИХ, Засгийн Газрын түвшинд шийдвэрлэх бодлогын ямар тулгамдсан асуудлууд байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг, аймаг орон нутгийн удирдлага, иргэд, ААНБ-ын төлөөллүүд энэ өдөр нээлттэй хэлэлцэх юм.

Бид тус сургалт, хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг үдээс хойш нэмж хүргэх болно.

2023-01-16 12:31:25