• 12 сарын 26, Пүрэв гараг
Ингэний сүүний үйлдвэрийг хөгжүүлэхэд оролцоо бүхий талуудын уулзалт зөвлөгөөн болов
653 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг орон нутгийн онцлог нөөц бололцоогоо ашиглан улс орнуудад өндөр эрэлттэй ингэний сүүний бүтээгдэхүүнийг боловсруулан гадаадын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажлуудаа төлөвлөгөөний хүрээнд хангаж байна. Тодруулбал, Ингэний сүүний үйлдвэрийн барилгаа бариад байна.

Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжөө энэ онд суурилуулж, эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байна. Тэгвэл тус ингэний сүүний үйлдвэрийг үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулж, хариуцан явуулах “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ-аас АЗДТГ, ХХААГ, МЭГ, “BEST” хөтөлбөртэй хамтран төслийг хэрэгжүүлэх талуудын оролцоо сэдэвт уулзалт зөвлөгөөнийг хамтран ажиллах талуудад мэдээлэл олгох, зөвлөмж зөвлөгөө өгөх, ферм байгуулах хоршоодыг чадавхжуулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдөр /2023.01.26/ хийлээ.

  

Уулзалт зөвлөгөөний аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ:

• Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх

• Тэмээн сүргээ өсгөж, үнэлэмжийг нэмэгдүүлэх

• Эрүүл мэндийн ашигт чанар, ач холбогдлын тухайд аймгийн бодлого, мэдээллийг өгөв. "Аймаг орон нутаг дээрх үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар хамтарч, эрх зүйн орчныг нь бүрдүүлэн, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгууллаа. Мөн үйлдвэрийг түүхий эдээр хангах малчид, хоршоологчид, дэмжин хамтран ажиллах төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, оролцогч талууд та бидний хамтын ажиллагааны үр шимээр орон нутагтаа дэлхийн хүн амын хэрэгцээт бүтээгдэхүүнийг мөдхөн үйлдвэрлэж эхэлнэ гэдэг итгэлтэй байна”гэсэн юм.

Ингэний сүүний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх талуудын оролцоо уулзалт зөвлөгөөнд Баянхонгор аймгийн тэмээ бүхий 13 сумын түүхий эд бэлтгэн нийлүүлэх 50 гаруй малчин иргэдийн төлөөлөл оролцож сүү үйлдвэрлэгчдийн сайн туршлага, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавигдах стандарт, “эко тэмээний ферм” байгуулах асуудал, хоршооны засаглалын ач холбогдол сэдвээр шинэ мэдээлэл авлаа.

Төлөвлөгөөний хүрээнд манай аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм хоёр ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлж хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс оронд гаргахаар төлөвлөөд байна. Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж, өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж 300 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолоод байгаа юм.

 

2023-01-26 12:10:25