• 12 сарын 25, Лхагва гараг
Ц.Байгалмаа: Хэт их цахимжсан орчинд шинэ үеийнхэн төрөлхийн сониуч зангаа гээгээд байна уу гэж харж байгаа
350 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/315712?fbclid=IwAR2HfYffj5TF41t4ApdwzH1amHhqj2XXuxhj0GyxNqfQcqjKmmwsyRxMvAk

Баянхонгор /МОНЦАМЭ/. Инженерийн ухааны доктор Ц.Байгалмаатай ярилцлаа. Тэрээр Японы өрсөлдөөнтэй нийгэмд олон жил “чанагдсан” хүн ба Япон Улсад 10 гаруй жил багшилсан Анагаахын инженерчлэлийн эрдэмтэн. Олон улсын оюуны өмчийн долоон патентын зохиогч.

Цагааны Байгалмаа нь 2016-2020 оны хооронд Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч бөгөөд НИТХ дэх МАН-ын бүлгийн дэд даргаар, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн (эдүгээ Коосэн Агентлаг хэмээн хэлж заншсан хүрээлэнгийн) Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан. Түүний тухайн салбарт хийсэн зүйл, бий болгосон ажил амжилт арвин ч бидний энэ удаагийн ярилцлага улс төр зэрэг “том” сэдвээс хол. Гадаад орны тэтгэлэг авч суралцсан оюутны хувиар, эрдэмтэн хүний хувиар, залууст зөвлөхүйц туршлага хуримтлуулсан хүний хувиар нь түүнтэй хөөрөлдлөө.

 

-Анагаахын инженерчлэл гэж хүмүүс тэр бүр мэдэхгүй салбарын нэлээд том төлөөлөл бол Та. Ажил мэргэжил, өөрийнхөө тухай бидэнд илүү тодруулж хэлж өгөөч?

-Япон Улсад Токиогийн Био-технологийн их сургуулийг электроник мэдээлэл зүйн инженерээр төгссөн маань 1996 он. Дараа нь, Био-хэрэглээ систем инженерийн сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж байлаа. Докторын зэрэг горилохдоо Японы Үндэсний Хавдар Судлалын Төвтэй хамтарсан хорт хавдар ба хэвлийн хөндийн эмгэгийн судлалын төсөл дээр ажиллан, эмнэлгийн дүрс оношлогооны систем хөгжүүлэлтээр 2002 онд инженерийн Шинжлэх ухааны докторын /PhD/ хамгаалсан. Тэгээд 2002-2007 онд Японы Шизуокагийн их сургууль, Хамамацугийн Анагаахын их сургууль, Хамамацу хотын Хувьцаа компаниудын Нэгдлийн хамтарсан төсөлд зохицуулагч, судлаач эрдэмтэн, төслийн удирдагчаар ажиллаж байлаа. Хамамацуг инновацын хот болгон хөгжүүлэх суурь судалгааны төслийн дэд хэсгийн удирдагчаар ажилласан. Тэгээд 2007-2009 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаахын сургуульд ассистант профессор, Массачюссэтсийн нэгдсэн эмнэлгийн Радиологийн тэнхимд судлаач багшаар мөн ажиллаж байлаа.

 

-Та АНУ-ын Харвардын Их сургуульд судлаач багшаар ажиллаж байхдаа ямар судалгаан дээр ажиллаж байв?

-Харвардын Их сургуулийн Анагаахын Их сургууль, Массачуссэцийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тэнхимийн хамтран судалгаа хийдэг гурван хэмжээст оношилгооны лабораторид хорт хавдрын автомат оношилгооны систем хөгжүүлэлт дээр судалгааны ажил хийж байсан. Би электроник мэдээлэл зүйн чиглэлээр бакалаврын зэргээ, анагаахын инженерчлэлийн чиглэлээр докторын зэргээ хамгаалж байсан л даа. Докторын ажил маань Японы хорт хавдрын үндэсний төвтэй хамтарсан автомат оношилгооны судалгаа байсан. Эрдмийн зэргээ авсны дараа Японы Эдийн засаг аж үйлдвэрийн яам, Боловсролын яамны санхүүжилттэй төр, хувийн хэвшлийн хамтарсан анагаахын инновацийн төсөл дээр таван жил, түүний дараа Харвардад шулуун гэдэсний эмгэгийн автомат оношилгооны систем бүтээх төсөл дээр хоёр жил орчим ажилласан. Эмнэлэг анагаахын салбарт аль хэдийнэ хуримтлагдсан байсан зургийн өгөгдөл мэдээллийг ашиглаж, шинээр оношилж буй зураг дахь өвчний голомтыг (хавдрын хортой, хоргүй эсэх гэх мэт) магадлалыг тодорхойлох систем бүтээх судалгааг хийж байсан юм.

Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг АНУ-ын Засгийн газар дэмжиж, өнөөдөр олон хүнийг хамарсан урьдчилсан оншилгоонд хэрэглэгдэж байна. Тухайн үеийн манай багийн судалгааны ажил нь одоо бидний яриад байгаа хиймэл оюун ухааны суурь онолыг анагаахын салбарт оношилгоонд ашиглаж эхэлж байсан анхны судалгаануудын нэг гэж хэлж болно.

 

-Дээрх судалгааны ажлуудтай холбогдох оюуны өмчийн олон улсын патентыг эзэмшдэг байх нь?

-Докторын зэргээ хамгаалсны дараа Японы Шизуокагийн улсын их сургууль, Хамамацугийн улсын анагаахын их сургууль болон орон нутгийн томоохон ААН-үүд хамтраад, тухайн орон нутагтаа мэдлэгт суурилсан аж үйлдвэрийн кластер үүсгэх инновацийн багт таван жил орчим ажилласан. Тэр үед өндөр технологитой эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт судалгааны төслүүдийг багаар хийж, хэд хэдэн санаа, суурь судалгаагаа патентжуулсан юм. 

 

Жишээ нь, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппаратын технологийг дараагийн түвшинд гаргаж сайжруулах, тархины мэс заслын үед хавдрын байршлыг мэс засал хийхээс өмнө авсан зурган дээр оновчтой зөв тодорхойлох аргачлал гэх мэт судалгаанууд дээрээ авсан патентууд байдаг. Судалгааны төслүүд маань амжилттай хэрэгжин, хувийн хэвшилтэй хамтран бүтээсэн олон функцтэй эхо-гийн аппарат болон автомат оношилгооны төхөөрөмжүүд өнөөдөр хувийн хэвшлийн инновацлаг бүтээгдэхүүн болоод борлуулж байдаг.

 

-Таныг олон хүүхэдтэй эгэл айлын хүүхэд байсан гэдгийг мэднэ. Нийгмийн шилжилтийн амаргүй цаг үед харь оронд суралцахаар явах тэр тохиол хэрхэн бүрдэж байсан бол?

-Би өөрөө унаган Улаанбаатар хотынх, аав, ээж маань Баянхонгор аймгаас 1960-аад онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн хүмүүс л дээ. Эцэг, эхээс долуулаа, айлын тав дахь хүүхэд. Нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийн тооны ангид суралцаж байгаад МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдэхэд элсэн орсон. Ер нь физик, математикт дур сонирхолтой, өөрийгөө сорьж уралдаант шалгалтад их ордог хүүхэд байсан. Улсын физикийн олимпиадад 8, 10 дугаар ангидаа орж тэргүүлж байлаа. Зарим олимпиадад санаснаас доогуур дүнтэй оролцвол өөрийгөө улам дайчилж, хичээл номдоо илүү шамддаг “шартай” хүүхэд байсан даа. Шугам зураг, физик тоонд дуртай ах эгч нарын маань ч нөлөө юм уу, том болоод шинжлэх ухаанд орох нээлт хийх эрдэмтэн болно гэсэн бадрангуй хүсэл мөрөөдөлтэй охин байлаа.

Тухайн үед Японы Засгийн газрын тэтгэлгээр, инженерийн чиглэлээр жилд хоёр оюутан явуулдаг байсан. Боловсролын яамнаас анх Японы инженерийн коллеж буюу Коосэн гэж нэрлэдэг сургуульд Монголоос суралцах оюутан сонгон шалгаруулахад тэнцсэн хоёр хүүхдийн нэг нь би. Ингээд л Монголоос инженерийн чиглэлээр Японд сурсан анхны монгол эмэгтэй оюутан болсон доо.

Тухайн үед сонгон шалгаруулалт үнэн шударга явдаг байсанд миний мөрөөдөл биеллээ олсон байх. Мөн гадагшаа явж сурах сан гэсэн багын мөрөөдлийг минь харсан тэнгэр байсан юм шиг л тохиол болсон.

 

-Таны эцэг, эх угсаа гарвал Баянхонгор аймгийн унаган хүмүүс гэж байна. Гэр бүлийнхнийхээ тухай яривал?

-Аавыг минь Рэндоогийн Цагаан, ээжийг маань Чойжоохүүгийн Ням гэдэг, Баянхонгор аймгийн Өлзийт сумын унаган улс. Нас биед хүрээд амьдрал зохиож Улаанбаатар хотод суурьшсан байдаг. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн, насаараа улсын байгууллагад ажилласан хүмүүс. Аав, ээж хоёр минь намайг Японд сурч төгсөөд ажиллаж, амьдарч байхад бурхны оронд одоцгоосон. Хамгийн хөндүүр сэдэв тэр үеүд. Ажил амьдрал минь ид гялалзаж, тэдэндээ илүү сайхан мэдээгээр сонорыг нь мялаахаар зүтгэж байсан үед юм даа. Манай гэр бүлийнхний тухайд, ах дүү нар маань яагаад ч юм бүгдээрээ инженерийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн байдаг. Бүгд сурлага сайтай байсан тулдаа гадаад, дотоодод суралцаж инженерийн мэргэжил эзэмшин,  амьдралд хөлөө олцгоосон хүмүүс байдаг.

 

-Хувь тавиланд итгэдэг үү?

-Хэдийгээр би шинжлэх ухаанч хүн боловч үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. “Эгшин хормын үйл бүхэн энгүй орчлонг урлан буй” хэмээх мэргэн үг Бадамжунайн сургаалд байдаг. Өнөөдрийн бидний хийж буй үйл өнгөрсөн цагтай ч, ирээдүйтэй ч холбоотой. Тэр утгаараа эргэх холбоо, үйлийн үр, хувь тавилан байдаг гэж боддог.

 

-Та нэлээд шүтлэгтэй хүн үү?

-Туулж өнгөрүүлсэн туршлага, уншиж судалсан зүйлс ер нь бурхны шашинд илүү итгэл үнэмшилтэй болгож байна гэх үү. Манайх ээжийн талаас Ламын гэгээнтэн, түүний Тарган дүрийн шууд удмын хэлхээс юм л даа. Миний эмээ Доохүүгийн Должин нь Лувсанданзанпэрэнлэйтогмид хувилгааны төрсөн дүү Цэрэндуламын зээ, нутаг усандаа Бундынхан гэж дуудагддаг Бунд Тавнангийн охин. Эцэг өвгөдийн ариун буянд ажил үйлсээ даатгаж, удмын гэгээнтэндээ сүсэглэн мөргөж, үйл нь зөв, үйлс нь арвин байж, удам угсаагаа дээдэлж явахыг үр хойчдоо захиж явах учиртай хүн юм би.

Ламын гэгээнтэн шашны нэрт зүтгэлтэн, нэрт оточ, зурхайч хүн байсан бөгөөд 1685 онд Монголд анх удаа Манба дацанг байгуулж, “Анагаах ухааны 4 үндэс” номыг барласан нь Энэтхэг-Төвдийн анагаах ухааныг Монголд дэлгэрүүлэх үндэс болсон. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн дүрүүд бүгд Монголд хувилан төрсөн түүхтэй бөгөөд тавдугаар дүрийнх нь ураг удмын хүмүүс юм л даа.

 

-Анх Японд очиж байсан үеэ дурсвал?

-18 насандаа япон хэлийг хирагана, катагана гэсэн үсэг, дээр нь ханзтай байдгийг ч мэдээгүй явж байлаа. Япон Улсыг зорихдоо хоёр долоо хоногийн хичээл хоцорч очиж байсан ч хамгийн өндөр оноотойгоор төгсөж чадсан. Ингээд л хичээлийнхээ бус цагаар өөрийн сонирхлоороо орчуулга хийж мөнгөө цуглуулан аялдаг болсон. 30 гаруй орноор аялсан шүү. Нүд тайлах тусам өөрийгөө илүү нээж, илүү сурч мэдэх хүсэлд хөтлөгдөн биеэ бүрэн дайчилж байсан “галзуу” үеүд.

 

-Таны аливаа зүйлд “амархан” суралцдаг нууц юунд байв?

-Тууштай байдал, цагийн зөв зохион байгуулалт.

 

-Гадаад хүмүүст тухайн хэлээр хичээл заах хэмжээнд хүртэл хэр хугацаа зарцуулсан бэ таны хувьд?

-Оюутан байхдаа Японы Гадаад хэргийн яамны орчуулгын товчоонд бүртгэлтэй орчуулагч хийж байсан. Албан айлчлалд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалд синхрон орчуулга хүртэл хийж байлаа. Манай улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Японд айлчлахад Япон Улсын Эзэн хааны оройн зоог дээр орчуулга хийж байсан. Японы их сургуульд таван жил судлаач багшаар, дөрвөн жил үндсэн багшаар нийт есөн жил гаруй ажилласан байна.

Хүмүүс гадаад хэлийг нэг сурчихвал болно гэж боддог. Гэвч хэлийг байнга хэрэглэж байж л "амьд" байдаг.

Жишээ нь, би англи хэлийг нэлээн олон жил хичээж суралцсан ч, нэг л санаанд хүрэхгүй явсаар эрс сайжирсан маань докторын ажлаа эхлүүлснээс хойш байдаг юм. Тэр үед англиар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд унших, судалгааны  материал мэдээллийг англи эх үүсвэрээс л олох шаардлагатай байнга тулгардаг байлаа. Хийсэн ажил судалгаагаа олон улсын хурал дээр илтгэх, өгүүллээ эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхэд англи хэлний мэдлэг, чадвар өндөр байхыг шаардсан үе байлаа. Энэ үеэс л англи хэл маань эрс сайжирч, үүнийгээ дагаад ч мэргэжлээрээ АНУ явах хүсэл мөрөөдөл маань тэлсэн гэж боддог.

 

-Мэдлэгийг хэрхэн бий болгох талаар зөвлөөч.

-Мэдээлэл гэдэг мэдлэг биш, мэдлэг гэдэг зүйл туршлагаар бий болдог. Хайвал л олдох мэдээлэл, ирээдүйд хэрэг болох мэдлэгийн зааг ялгаа бүдгэрсэн энэ үед боловсролын үнэ цэн буюу чухам яагаад өөрийгөө дайчлан суралцах ёстойг хүүхдэдээ ойлгуулах нь эцэг эхийн нэн тэргүүний үүрэг болсон байна. Эргэн тойрноо шинжлэх ухаанчаар танин мэдэх, хүн төрөлхтний бүтээж ирсэн соёл иргэншлийн үнэт зүйлс, тэдгээрийн гайхамшгийг танихад зарцуулах ёстой хүүхэд насыг уялдаа холбоо, утга учир муутай, системгүй их мэдээлэлтэй цахим орчинд цаг нөгцөөж бүтээлч бусаар өнгөрөөвөл дараа нь харамсаад барахгүй шүү дээ.

Өнөөдөр дэлхийг донсолгож байгаа технологийн дэвшил нээлтүүд, тэднийг ашигласан бизнесээр шөнийн дотор л тэрбумтан болж буй залуусын амжилт үнэхээр бахдам. Ийм гайхам амжилтын цаана хэдэн 10 жил магадгүй хэдэн 100 жилийн өмнө эрдэмтэн мэргэдийн нээсэн шинжпэх ухааны онолууд, өвөг дээдсийн ертөнцийг танин мэдэх гэсэн сониуч зан, уйгагүй бүтээлч хөдөлмөр байдаг гэдгийг залууст давхар ойлгуулах ёстой юм.

 

-Тийм шүү.

-Ганц жишээ дурдахад, фэйсбүүк ухаалаг утасны хэрэглээ гэх мэт мэдээллийн технологид суурилсан дэлхийн эдийн засгийн огцом өсөлтийн үндэс суурь нь компьютерийн ялтасны хурд, өгөгдлийг хадгалах ой санамжид гарсан дэвшил, цаашлаад асар их хэмжээний мэдээллийг дамжуулах шилэн кабелийн хэрэглээ, хамгийн алдаа мадаггүйгээр мэдээллийг оновчтой дамжуулдаг математикийн онол зэрэг нээлтүүд байдаг. Эдгээр өндөр технологийн үндэс нь 100 магадгүй 200 жилийн өмнөх эрдэмтдийн нээн олсон байгалийн хуулиуд байдгийг ойлгосон хойч үе л өмнөхөөс илүү их бүтээлч амьдралаар замнах юм. Бид үүнийг сургалтын систем, хэвлэл мэдээлэл, аман яриагаар ч болов дамжуулж өсвөр үедээ ойлгуулж явах үүрэгтэй. Хүн төрөлхтний соёл иргэншил нь хүний төрөлхийн сониуч зан, хөдөлмөрч уйгагүй байдал, танин мэдэх төсөөлөл дээр дөрөөлсөн шинжлэх ухааны ололт амжилт дээр л хөгжиж ирсэн. Өмнөхөөс илүү нийгэмшихийн төлөөх үнэт зүйлсийг байнга хамтран бүтээж ирсэн байдаг.

 

-Цахим хэрэглээ, ухаалаг утас биднийг “залхуу” болгоод байна уу?

-Сүүлийн үед дэлхийн улс орнуудад ерөнхий боловсролын тувшинд сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлаж байна. Хэт их цахимжсан орчинд шинэ үеийнхэн төрөлхийн сониуч зангаа гээх болсон мэт санагддаг. Хүүхэд ахуйд орой болгон одтой тэнгэрийг ширтэхдээ сансар отторгуйн гүнд хаа нэгтээ дэлхийтэй адил нөхцөлтэй гараг дээр ухамсарт харь гаргийнхан амьдардаг ч юм билүү гэж төсөөлдөг байлаа. Тийм ч болохоор орчлон ертөнцийн үүсэл, өрнөлийг тайлбарлах физикийн харьцангуйн онолыг хичээл дээр заахад чухам их сонирхолтой санагдаж байж билээ. Өнөөдрийн хэт их бэлэн "мэдээлэлтэй" эрин зуунд хүүхдийнхээ мэдэх хүсэл, төсөөлөх чадварыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмшүүлэх сургалт нь бодит ертөнц буюу туршилтын хэрэглэгдэхүүн ашигласан заах арга барил юм л даа.

 

Сониуч зангаа гээгээгүй өсвөр насанд нь байгалийн үзэгдлийг шинжлэх ухаанчаар тайлбарлаж, онолын хэрэглээг орчин цагийн технологитой нь холбож ойлгуулах хамгаас чухал санагддаг.

Ялангуяа дээд ба мэргэжлийн боловсролын тувшинд онол, тэнхимийн хичээлийг туршилт дадлагатай хоршуулан ойлгуулах сургалтыг цаг үе шаардаж байна. Зөвхөн онолын мэдлэгийг түлхүү өгөх гээд байдаг их, дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр байхгүй бол утгагүй. Түүнчлэн нэг мэргэжил, хос мэргэжлээр суралцаж төгссөн ч байнга өөрийгөө хөгжүүлж суралцаж байх нь мэдээжийн асуудал болж. Аливаа шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгож, суралцах арга барилыг зөв төлөвшүүлэх нь өнөөгийн боловсролын системийн хамгийн чухал концепц байх ёстой гэж боддог.

 

-Таны энэ яриа Коосэн сургалтын тогтолцоотой холбогдож байна уу?

-Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв аж үйлдвэрлэл, техник технологийн хурдаараа дэлхийд тэргүүлдэг. Энэхүү Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол Улсад ажиллаж эхэлснээр аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болж байгаа юм. Монгол бол энэ тогтолцоог хамгийн анх системийн дагуу нэвтрүүлж эхлээд байгаа орон. Монголоос гадна Тайланд, Вьетнам зэрэг улсад нэвтэрч буй. Коосэн гэдэг бол өндөр түвшний мэргэжлийн ажилтан мастер бэлтгэх тогтолцоо, өөрөөр хэлбэл дээр үед манайд байсан техникумтай дүйцэх юм болов уу даа.

2014 онд Монголд анхны мэргэжлийн анги нь байгуулагдсан байдаг. Би 2016 оноос хойш дөрвөн жил орчим Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажилласан. Төлөөлөгчийн газар нь өнөөдрийн байдлаар Монголд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй гурван Коосэн сургуулийн сургалтын агуулгыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах зэргийг хийж ирсэн.

Японд Коосэн төгсөгчдийн нэлээд хувь нь ахисан шатны их, дээд сургуульд дэвшин суралцдаг, 20-30 хувь нь судлаач, доктор болдог. Ер нь өсвөр насны хүүхдүүдийг ютүбэр болохоос нь өмнө бүтээлч салбарт дуртай болгох, шинжлэх ухааныг хэрэглээтэй нь холбож заадгаараа сонирхолтой тогтолцоо юм.

Япон шиг 120 сая гаруй хүн амтай улсын хувьд Коосэн бол нэг их том байгууллага биш л дээ. Япон даяар 57 сургууль байдаг. Нэг сургуульд 1000-аад хүүхэд сурдаг. Жилд 10 гаруй мянган хүүхэд л төгсдөг тогтолцоо. Гол нь хүүхдүүдийг  инженерийн салбарт дуртай болгон сургаж төлөвшүүлэх процессыг 15 наснаас нь эхэлж байгаа нь олон улсын анхаарлыг татаж эхлээд амжилттай яваад байна.

 

-Таныг боловсролын салбарын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг тэргүүлдэг гэж сонссон. Тодруулж болох уу?

-Санаа нийлсэн найз нөхдөө уриалж хамтран төрийн бус байгууллагыг 2018 онд байгуулж, инженерийн боловсролын ач холбогдлыг нийтэд таниулах, энэ салбарт суралцагсад мэргэжилтнүүдэд хандсан ажлуудыг хийж байна. Жишээ нь, 2-3 жилийн өмнө ковидын цар тахал дэгдсэн ид үеэр цахимаар сургалт явуулах шаардлага боловсролын салбарт бий болсон.  Энэ үед манай ТББ-аас цахим сургалт явуулахад шаардагдах мэдлэг мэдээллийг ЕБС-ийн багш нарт хүргэх сургалтын гарын авлага гаргах, сургалт бэлтгэж цахим сүлжээ ашиглан үнэ төлбөргүй түгээх гэх зэрэг ажлыг амжилтай хэрэгжүүлсэн.

Одоо бидэнд мэдэж сурснаа, туулж өнгөрүүлсэн туршлагын алдаа оноогоо ирээдүй болсон хүүхэд залууст хандсан зөв мэдлэг мэдээллийг түгээх том хариуцлага ногдож байна шүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа.

2023-03-30 11:56:18