• 12 сарын 25, Лхагва гараг
1800-2000 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангана
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ, сумын ЗДТГ, ХХҮГ, Политехникийн коллеж хамтран "Нээлттэй ажлын байрны өдөрлөг"-ийг энэ сарын 4-нд зохион байгууллаа. 

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ, “Иргэдээ ажил орлоготой байлгах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд аймаг орон нутаг анхаарсаар ирсэн. Одоо  хэрэгжүүлэхээр зорьсон /ингэний сүүний үйлдвэр, газар тариалан, уул уурхай/ томоохон төслүүдээ энэ бодлоготойгоо уяж холбон төлөвлөлтөө хийж байна” гэдгийг онцолж байв.

Хотын захирагч Г.Энхбаяр “Дээрх төслүүдийн үр ашиг, түүнийг ажиллуулах боловсон хүчний дутмаг байдал, нөөц судалгаа мэдээллийн тодорхой задаргааг Баянхонгор сумын ЗДТГ-аас нийт иргэдэдээ ил тод өгч, холбогдох газруудтай хамтран хөдөлмөрт зуучилна" гэдгийг хэлж байсан.

Аймгийн ХХҮГ-аас гаргасан ажлын байрны захиалга судалгаанаас харахад  энэ онд 1800-2000 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангана гэсэн тооцооллыг гаргаад байна. 

Тус өдөрлөг, яармагийн үеэр: 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа хөтөлбөр, үйл ажиллагааны талаар хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө мэдээлэл өгч хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга, гарын авлага тараасан байна.

-2023 онд аймгийн бүтээн байгуулалтаар бий болох түр болон улирлын ажлын байранд /мод тарих, нийтийг хамарсан ажил, хүлэмжийн аж ахуй/-д ажиллах хүсэлтэй 300 гаруй иргэнийг бүртгэжээ.

-Хөдөлмөрийн зах зээлийн цахим систем EJOB платформд хэрхэн бүртгүүлэх талаар танилцуулгыг иргэдэд сурталчлан таниулсан байна.

-Яармагийн үеэр 23 ААН байгууллагын 118 нээлттэй ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, ажил олгогчидтой ажлын ярилцлага хийх, анкет бөглөх, ажилд зуучилжээ.

-Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөрийн насны хөдөлмөрийн бүрэн чадвартай иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулж, ажил олгогчийн ажлын ярилцлага болон бүтээн байгуулалтын ажилд бүртгэжээ.

-Мөн ажил олгогчдоос хүсч буй ажлын байрны шаардлагыг хангах тал дээр ажил хайгчдыг чадавхжуулах чиглэлээр Аймгийн Политехникийн коллежоос насан хүрэгчдийн элсэлтийг бүртгэсэн байна.

2023-04-05 11:00:28