• 12 сарын 25, Лхагва гараг
Улсын тусгай хамгаалалттай бүсэд 300 гаруй мянган мал отроор хаваржиж байна
140 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд Баянхонгор аймгийн нутагт 13 мянга гаруй малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржиж байна.

Тус аймгийн 18 сумын 123 малчин өрх бусад 16 аймаг, Улаанбаатар хотын орчимд 31.5 мянган толгой мал отор нүүдлээр, өөрийн аймгийн бусад сумын нутагт 685 өрхийн 123.5 мянган мал сүрэг отроор хаваржиж байна. Мөн аймаг дундын тусгай хэрэгцээний отрын бүсэд Хүрээмарал, Бууцагаан сумаас 23 өрхийн 12 мянга шахам толгой мал отроор, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1450 өрхийн 301.4 мянган толгой мал отроор хаваржиж байгаа аж.

Харин тус аймагт дөрвөн аймгийн 14 сумын 130 өрхийн 56 мянга шахам мал отроор хаваржиж байна.

Отрын нөөц нутгийг Баянцагаан, Богд, Эрдэнэцогт, Жинст, Бөмбөгөр, Өлзийт, Баянлиг суманд тогтоон сумын ИТХ-ын шийдвэрээр цаг хүндэрсэн үед ашиглахаар төлөвлөжээ. Бусад сум отрын нөөц нутгийг бэлчээрийн талбайн 10-аас доошгүй хувиар тогтоон цаг хүндэрсэн үед ашиглаж байх, зун, намрын үед хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах талаар аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байна.

Тус аймаг нь 8.8 сая га бэлчээрийн талбай, 10.4 мянган га хадлангийн талбай, 316 мянган га отрын нөөц талбайтай. 

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцсон. Тус мэдээллээр Баянхонгор аймгийн нийт нутгийн 24 хувь нь 50 хүртэл хувийн бэлчээрийн нөөцтэй, 15.6 хувь нь 51-100 хувийн бэлчээр хүрэлцээтэй, 34.4 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 15 хувь орчимд хүрэлцээтэй, 85 хувьд хэтэрч гарсан байна.

Мөн тус аймгийн нийт сумаар гантай болон гандуу байснаас бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс, тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан, хүйтний температур ихтэй зэрэг нь хаваржилт хүндрэх нөхцөлд хүргэж байна.

2023-04-11 14:05:45