• 12 сарын 25, Лхагва гараг
Монголын Хүүхдийн спортын зуны наадмыг анх удаа орон нутагт зохион байгуулна
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын Хүүхдийн спортын зуны 7 дугаар наадам спортын 23 төрлөөр зургаадугаар сарын 19-29-нд Баянхонгор аймагт болно. Тус наадмыг зохион байгуулах ажлын баг томилон, наадмын зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгах олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Баянхонгор аймаг өмнө нь “Баянхонгорын бага олимп”-ыг гурав, 2016-2022 онд улсын чанартай өсвөрийн тав, залуучуудын нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын насны нэг тэмцээнийг нутгийн дэвжээнд зохион байгуулж байсан туршлагатай. Аймгийн төв нь 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газрууд болон үйлчилгээний 30 гаруй автобусаар зочдоо авах боломжтой аж.

 

Багийн төв, сургууль, аж ахуйн нэгж байгууллагын 19 спорт заал, гурван талбайтай бол Усан бассейн бүхий спорт цогцолборыг мөн ашиглалтад оруулаад байна.

Наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Сонирхуулахад, Монголын Хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмыг ийнхүү анх удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж буйгаараа түүхэнд тэмдэглэгдэж байна.

2023-04-26 10:44:08