• 12 сарын 25, Лхагва гараг
Мод тарих, арчлах аргачлал, заавар зөвлөгөө өглөө
244 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас аймгуудын ойн мэргэжилтнүүд болон ард иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймагт Ойн газрын мэргэжилтэн ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл явц, мод тарих, арчлах аргачлал, заавар зөвлөгөө мэдээллийг иргэдэд өглөө.

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулсан. Уг 20 сая модны стратеги болон төлөвлөгөөний үйл явцад Ойн газрын мэргэжилтэн аргазүйн зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллах талаар зөвлөлдсөн байна.

Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7,06 хувийг эзэлдэг. Тэгвэл үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг 307 хүнийг байнгын, 35 мянган хүнийг түр ажлын байраар хангаж мод тарилт, арчилгааг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ.

"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэнэ хэмээн тооцсон. Мөн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах, улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлээд байгаа юм.

2023-04-26 09:45:18