• 12 сарын 25, Лхагва гараг
Тэгш ойтой сумдын нэрэмжит барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ
205 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, “Богд” банк, “Хонгор нутаг” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай үзүүрлэв. 

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Сүхбат нар шалгарсан бол шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Алтанцоож, цэргийн арслан Г.Жамбалдорж, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдсэн юм.

Мөн үеэр, МУГТ, самбо бөхийн Дэлхийн аварга, Улсын начин Зундуйн Дэлгэрдалайн нэрэмжит “Уран барилдааны шагнал”-ыг цэргийн арслан Г.Жамбалдоржид олгосон байна.

Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардан авчээ.

2023-05-01 12:18:38