• 12 сарын 25, Лхагва гараг
Хуучин хогийн цэгийг дарж буллаа
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын хуучин хогийн цэгийг дарж тэгшилжээ. Гэвч зарим иргэн цэвэрлэсэн талбайд хог асгаж, "Цэвэр  хот" ОНӨААТҮГ-ын ажилчид, иргэдийн асгасан хогийг дахин цэвэрлэх шаардлагатай болоод байна.

Тус цэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг "Цэвэр хот" ОНӨААТҮГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг нэмж хог асгахгүй байх, аж ахуйн нэгжүүдийг хамт олноороо цэвэрлэгээнд оролцохыг уриалав.

Баянхонгор сумын хэмжээнд хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг бөгөөд 2023.01.01-ний өдрөөс ангилан ялгаагүй хог хаягдлыг ачиж тээвэрлэдэггүй болсон. Хог ангилан ялгалтын асуудалд Баянхонгор сумын гэр хорооллын /6000 өрх/ иргэд идэвхтэй оролцон, хог тус бүрийг ангилан ялгаж ачуулдаг болжээ.

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, зам талбай, барилгажилт тэлж, аймгийн төв болон хөдөө орон нутгаас гарах хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд 21 энгийн, хатуу хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг байгаа нь нийт 82.5 га талбайг хамарч байгаа аж.

Хаяж байгаа хог хаягдлын хэмжээг төрлөөр нь ангилбал, хүнсний бүтээгдэхүүний хаягдал 9938 тонн, барилгын хог хаягдал 8319 тонн, цаас цаасан бүтээгдэхүүний хаягдал 6658 тонн, хуванцар, гялгар уут 5511 тонн, шил шилэн бүтээгдэхүүний хаягдал 4711 тонн, төмөр 2394 тонн, цахилгаан барааны хог хаягдал 2201 тонн, автомашины эд анги 1770 тонн, бусад хог хаягдал 18362 тонн эзэлж байна.

2023-05-04 15:21:48