• 04 сарын 25, Пүрэв гараг
Говийн сумдад модны суулгацын дэмжлэг, үлгэр жишээ өрхүүдэд мөнгөн урамшуулал олголоо
63 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Өрх бүр 5 мод тарьж, ургуулъя” уриан доор энэ жилийн мод тарилтыг эхлүүллээ.

Тус аяны нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадалай болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Ганзориг нар нээж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалав. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадалай Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Баянлиг, Баянговь суманд 3000 суулгацын дэмжлэг олгосон бол хашаандаа мод тарьж, ургуулж буй жишиг өрхүүдэд Баянхонгор сумын ЗДТГ-аас мөнгөн урамшууллыг олгосон юм.

Баянхонгор аймагт нийтдээ 87 сая мод тарихаас аймаг 20 саяыг, үлдсэн хэсгийг нь томоохон уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарихаар болсон байна. Одоогийн байдлаар Оюутолгой компани 50 сая мод тарихаа илэрхийлээд байгаа бол Орхон аймгийн нутгийн зөвлөл 5000 модыг Шинэ суурьшлын бүсэд тарьжээ. 

Аймгийн ойн нийт талбай 820681 га буюу нийт нутаг дэвсгэрийн 7.06 хувийг эзэлдэг. Үүнээс заган ой 96 хувийг, шинэсэн ой 4 хувийг эзэлж байна. Хойд хэсгээр 33435 га шинэсэн ой, өмнөд хэсгээр 787246 га заган ой болон түүний бүрэлдэхүүнд орох бусад бут сөөг эзэлж байна.
Аймгийн байгалийн ойг бүрдүүлэгч гол мод нь заг, шинэс бөгөөд тоорой, сухай, улиас, улиангар, бургас багахан хувийг эзэлдэг аж.

2023-05-15 11:25:48