• 04 сарын 24, Лхагва гараг
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар нийтээрээ сайтар хэлэлцэх ёстой гэв
84 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ иргэдийнхээ саналыг чухалчилж байгааг гишүүд хэлээд, иргэдийн санал, шүүмжлэлийг сонссон юм.

Аймгийн Хөгжимт драмын театрын 400 хүний суудал бүрэн дүүрч, хоёр хажуу талаар 70 гаруй зогсон нийтдээ 500 шахам иргэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх хэлэлцүүлэгт оролцов. Уулзалтад оролцсон хүмүүсээс 30 орчим иргэн Нээлттэй микрофонд санал бодлоо илэрхийлж, зарим иргэн бичгээр саналаа өгч байлаа.

Иргэдийн санал бодлын салхийг хагалж Баянхонгор сумын иргэн Б.Соронзонболд хэлсэн үгэндээ, "УИХ-ын гишүүдийн тоо нэмэхийг дэмжиж байгаа. Ардчилсан улсын парламент хүчтэй байх ёстой, эрх мэдэл төвлөрч иргэдийн төлөөллийг хангах зарчим бүрэн хэрэгжихгүй байна гэж харж байна" гэдгийг хэлсэн.

Нээлттэй микрофонд үг хэлсэн иргэдийн санал олонх нь үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэж, нийт иргэдийн санал бодлыг тусгах хэрэгтэй гэдэгт нэгдэж байв. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буй иргэдийн тухайд 76 гэсэн тоог хэдээр нэмэгдүүлэхийг дахин хэлэлцэх ёстой, 152 гэдэг тоо бол ихдэж байгаа, 100 орчимд байхад болох юм гэдгийг мөн хэлж байлаа. 

2023-05-16 13:00:48